Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-11-20 18:00:43

"Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх Дэлхий нийтийн өдөр” - ийг жил бүрийн 11 дүгээр сарын 3 дахь долоо хоногийн ням гарагт дэлхий даяар зохион байгуулан тэмдэглэн явуулдаг. 

Энэ хүрээнд Хэнтий аймаг дахь Цагдаагийн газар, өсвөрийн цагдаа бүлгэм хамтран аймгийн төвийн замын хөдөлгөөнийг түр хугацаанд зогсоож, зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ жолооч нарт мэдээлэл хүргэж, сэрэмжлүүлэг тараалаа.

Зам тээврийн ослын хор уршгийг олон нийтэд таниулах, хохирсон иргэдийн ар гэр, тэдний дуу хоолойг хүргэх зорилготойгоор уламжлал болон зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун оролцож, зам тээврийн ослоос хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлсэн байна. 

"Хэнтий аймгийн хэмжээнд зам тээврийн осол урьд оны мөн үетэй харьцуулахад 11 хувийн өсөлттэй 33 гэмт хэрэг бүртгэгдсэн. Ослын улмаас19 хүн нас барж, 27 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна" хэмээн Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа Р.Цээлхагва ярьлаа.

Уг өдрийг анх 1993 онд Английн Вант улсад тэмдэглэсэн ба үүнээс хойш улс орнууд уг арга хэмжээг авто ослоор амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, сэтгэл санааны болон бусад хохирол амсаж суугаа тэдний ар гэр, ойр дотныхонд гашуудал илэрхийлэх, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх өдөр болгон тэмдэглэж байхаар Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий ассамблейгаас шийдвэрлэсэн байна. 

Д.Одонтунгалаг

 

関連ニュース