Улс тунхагласны баярыг тэмдэглэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн Чингис хотноо улс тунхагласны баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж, тус үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд, хэлтэс агентлагийн дарга нар, төрийн албан хаагчид болон шинээр иргэний үнэмлэхээ гардан авч буй 16 настнууд оролцлоо.
Баярын үйл ажиллагааны үеэр төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтад тэнцэн, төрийн захиргааны албан хаагчаар томилогдон ажиллаж буй 23 иргэн тангарагаа өргөлөө. Мөн залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор орон даяар зохион байгуулагдаж буй иргэний андгай өргөх ёслол болж, 25 хүүхэд тангараг өргөв.
Тус баярын хүрээнд ЕБС-ийн сурагчдын дунд эссэ бичлэгийн уралдаан зарлажээ. Ахлах ангийн сурагчдаас Хэрлэн-1 дүгээр сургуулийн 10б ангийн сурагч Б.Анударь, Тэмүүжин цогцолбор сургуулийн 12б ангийн сурагч Э.Хонгорзул, Хэрлэн-4 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч Б.Золзаяа нар эхний гурван байрт шалгарчээ. Харин дунд ангийн сурагчдаас тэргүүн байранд Тэмүүжин цогцолбор сургуулийн 8б ангийн сурагч С.Золбаяр, удаах байруудад Тэмүүжин цогцолбор сургуулийн 8а ангийн сурагч Ч.Долгормаа, Хэрлэн-1дүгээр сургуулийн 8д ангийн сурагч Г.Билэгжаргал нар тус тус шалгарч шагнууллаа.
Аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/100 дугаар захирамжаар Хэнтий аймгийн хүндэт тэмдгээр цэргийн штабын офицер Т.Баяраа, Тагнуулын хэлтсийн офицер Э.Батхүрэл, Цагдаагийн газрын офицер Х.Барсболд нар шагнагдав. Мөн Хан Хэнтийн алдартан цол тэмдгээр ШШГА-ны офицер Н.Баярмагнай, ШША-ны ахлагч Ч.Алтанцэцэг, ОБГ-ын ахлах ахлагч Ү.Баяржаргал нар тус тус энгэрээ мялаалаа.
Арга хэмжээний төгсгөлд аймгийн ЦГ, ОБГ, ШШГА-ны алба хаагчид баярын жагсаал хийж, аймгийн удирлагууд, хэлтэс агентлагийн дарга нар Ардын хувьсгалын партизан Пунцагийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв.
1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улсын анхдугаар их хурал хуралдаж, шинэ төрийн анхны үндсэн хуулиа баталж, хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж хамжлагат ёсыг халсан түүхэн үйл явдал болсон учир нийтээр тэмдэглэх баярын өдөр болгосон билээ.
Д.Одонтунгалаг