Ч.Алтанзаяа: Харгуй компани хэзээд өргүй, авлагатай, ашиг орлоготой явж ирсэн айл
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн зам засвар арчлалтын “Харгуй” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Алтанзаяатай ярилцлаа. Тус компанийн хувьд олон улсын болон улсын чанартай автозамыг хариуцан ажиллах үндсэн чиг үүрэгтэй юм.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Шинэ ажилд хэзээ томилогдов? Сүүлийн үед хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаасаа танилцуулаач?
-Танд ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. Би 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “Харгуй” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдоод хоёр сар шахам болж байна. Ажлаа аваад юу хийв гэвэл энэ байгууллагадаа нэгэнт шинэ хүн биш учир шууд ажилдаа орсон. Манай компанийн хувьд олон улсын болон улсын чанартай автозамыг хариуцан ажиллах үндсэн чиг үүрэгтэй. Энэ хүрээнд Зам тээврийн яамнаас 2016 онд 400 сая төгрөгний хөрөнгөнд багтаагаад Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээр өнгөрч байгаа хатуу хучилттай болон хайрган хучилттай замыг арчилж хамгаалах ажлын гэрээ байгуулж ажилласан. Үүнийг намайг ажлаа авахад 85-90 хувьтай бараг хийгээд дуусч байсан. Би ажлаа аваад энэ төсөвлөсөн мөнгө зам засварын ажилд хүрэхгүй байна аа гэж хүсэлт тавьсан, мөн өмнө нь манай хуучин захирал Галхүү ч гэсэн энэ тухай санал тавьсан байсан. Ингээд төсвийн тодотголд 611 сая төгрөг тавиулж чадсан. Манай хамт олон хугацаа тулсан байхад ажилдаа ороод 9 дүгээр сарын 30-наас 11 дүгээр сарын 10-ныг хүртэл өдөр шөнөгүй ажиллаж, 611 сая төгрөгийн ажлыг графикийн дагуу хугацаанд нь хийж дуусгаад гүйцэтгэлийн тайланг явуулаад байна. Энэ жил цас олон удаа орж шуурч зам даваа хаагдах, замын цэвэрлэгээний ажлын талаар гомдол тасрахгүй байгаа учраас бид ажил ихтэй байна даа.
- Танай байгууллага тоног төхөөрөмж, хүн хүчний хувьд хэр хангалттай, хүрэлцээтэй байдаг вэ?
-Манай компани тоног төхөөрөмжийн хувьд тааруухан байж байгаад 2007 онд Магсаржав даргын үед намайг Ерөнхий инженер байхад Японы буцалтгүй тусламжаар 39 техник тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл авсан. Ингээд манайх 21 аймгийн зам засвар арчлалтын компаниудаас ажил үйлсээрээ ч тэр, техник хүн хүч, үзүүлсэн амжилтаараа ч гэсэн эхний байранд явж ирсэн. Одоо манай “Харгуй” компани нийт 63 ажиллагсадтай, 40-өөд төрлийн техник тоног төхөөрөмжтэй ажиллаж байна.
-Та сая зам засварын ажлыг хийж гүйцэтгэсэн гэж ярьлаа. Яг ямар ажлуудыг хийж гүйцэтгэв?
-Улаанбаатар-Чингис чиглэлийн замын Мөрөн сумын орчмын 600 метр замыг шинэчилсэн. Энэ нь уг замын суурь болон хучилтыг сольж шинэчилсэн гэсэн үг. Мөн дээрээс нь Дуутын даваанаас Жаргалтхаан чиглэлийн 30 км замын тэнхлэгийн цагаан зураас бүдгэрсэн байсныг сэргээсэн. Мөн Жаргалтхаан сумын нутагт аваар осол нэлээд хэдэн удаа гарсан 500 метр орчим замд хамгаалалтын хашлага хийсэн, түүнчлэн Борхужирын даваанаас Цэнхэрмандал сум хүртэлх их засвар хийх хугацаа нь болсон 20 км замд нөхөөс буюу хучилтын ажлыг 300-гаад сая төгрөгөөр 7000 м/кв талбайд хийсэн. Ийнхүү хариуцсан 170 км замд өвөл цас шуурахад хамгаалах далан суваг хийлээ. Мөн Чингис- Чойбалсан чиглэлийн замд тэнхлэгийн цагаан зураас, хальтиргаа гулгаанаас хамгаалсан элсэн овоолго, хөвөө шуудуу, нөхөөс зэрэг шаардлагатай ажлуудыг хийлээ. Норовлин- Баян-Уулын чиглэлийн хайрган замд аймгийн төвөөс Булган хошуу хүртэлх 40 км замд хусалт хийж тэгшиллээ.
-Чингис хот Улаанбаатар хот хоёрын хоорондох зам буюу Дуутын давааны тэр хэсэг замд яагаад эвдрэл үүсээд байдаг юм бол, хэрхэн яаж бүрэн засварлах вэ? Тус замыг ямар ямар компани барьсан байдаг вэ?
-Энэ хэсэг зам бол үе үеийн удирдлагуудын толгойны өвчин, проблем болдог. Дуутын давааны 37 км энэ зам нэлээн эвдрэлтэй, суурь буюу далангаар нь иж бүрэн солих шаардлагатай. Энэ замыг манайх 2006 оноос хойш арчилж хамгаалж байгаа. Ер нь 2009 оны сүүл, 2010 оны эхнээс энэ замын эвдрэл эхэлсэн. Ирэх онуудад 7,5 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр засах тендер зарлагдсан байгаа. Энэ тендерт манай компани Улаанбаатар хотын Наранбулаг компанитай хамтран түншлэлээр ороод байна. Орон нутгийн компанид барих, арчлалт засварын ажлыг өгөх байх гэсэн итгэл найдвартай байна. Тухайн үед энэ замыг Улбаа компани хөрөнгийг нь гаргаад туслан гүйцэтгэгч компани нь суурийн ажлыг чанаргүй хийсэн юм билээ. Дээрээс нь байгалийн буюу давагдашгүй нөхцөл байдал нөлөөлсөн. Энэ 37 км замын хэсэгт мөнх цэвдэгтэй бөгөөд зам барихдаа цэвдэгийг хөндөх юм уу, цэвдэгтэй газар зам барихад байнгын хөдөлгөөнд орох учраас эвдрэл их үүсгэдэг хүчин зүйл бас их нөлөөлж байна. Ийм учраас энэ замыг их засварт оруулах цаг нь болсон. Ирэх гурван жилд засаад дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байна. Энэ замд зорчигчид машин тэргээ эвдэх, дугуйгаа хагалах зэргээр маш их хохирдог учраас би ажил авсан анхны өдрөө уг асуудалд анхаарал хандуулсан. Ингээд манай хамт олон энэ чиглэлийн зам дээр өвлийг давах шороон нөхөөс хийж дуусгасан байгаа. Өвөл хөдөлгөөн яваад ирэхээр хонхор үүснэ, дахиад шороогоор дүүргээд, хавар засвартай залгачихвал гайгүй болох байх аа. Ер нь энэ замд жилдээ 400-800 сая төгрөгөөр засварын ажил байнга хийдэг байсан. Сүүлийн хоёр жилд л шинэчилнэ гээд хөрөнгө төсөвлөхөө больсон байсан. Тэгэхээр энэ хавийн 50 км замыг гурван үе шаттайгаар засч шинэчлэх ажил хийгдэнэ. Ер нь хатуу хучилттай зам 10 жил болоод их засварт ордог жишгээр Багануурын гүүрнээс Жаргалтхаан хүртэлх замын засварт орох хугацаа болсон. Мөн Дуутын даваанаас Мөрөн хүртэлх энэ зам ч гэсэн засварт орох хугацаа нь болчихсон байгаа юм.
-”Харгуй” компанийн тендерээр авч хийсэн ямар ажлууд байна вэ? Танай ажлын туршлагаас хуваалцъя?
-Ажлын туршлагын хувьд манай компани 2007- 2015 оны хооронд зарласан замын сангийн хөрөнгөөр хийх аймгийн төв доторх бүх замыг хийж гүйцэтгэсэн. 2007 онд Дэлгэрхааны Хөмөлтийн модон гүүрийг засах ажлыг авч хийсэн. Ер нь манай компани мэргэжлийн боловсон хүчин, туршлага, бааз суурийн хувьд замын барилгын компанийн хэмжээнд оччихсон. Хамгийн гол нь олон улсын болон улсын чанартай зам хариуцдаг компани энд тэнд тендэрт ороод байнгын хариуцдаг ажлаа хаяад явж болохгүй гэдэг үүднээс бид бүхэн орон нутгийн ажлаасаа гадна гадагшаа дотогшоо явж ажил хийхгүй байгаа. Гэхдээ одоогийн санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд олон хүний цалин, шимтгэл, татвар гэх юм бол улсаас хуваарилж байгаа мөнгө хаанаа ч үгүй байна л даа. Иймээс ирэх жил “Гудамж” төсөл хэрэгжсэний дараа гадагшаа дотогшоо явж ажил хийж бусад эх үүсвэрээс мөнгө хайх шаардлага тулгарна. Манай компаний хувьд 2007 оноос хойш санхүүгийн хувьд нэлээд бэхэжсэн, өргүй, авлагатай явж ирсэн шүү.
- Хаа сайгүй санхүүгийн бэрхшээл нүүрлэсэн энэ үед таныг ямархуу байгууллага хүлээж авав гэж асуух гэж байлаа?
- Санхүүгийн хувьд манай байгууллага өргүй, дансандаа 74 сая төгрөгийн бэлэн мөнгөтэй, 110 сая төгрөгийн авлагатай компани хүлээж авсан. Хуучин захирал маань ч Галхүү захиралд 40 гаруй сая төгрөгийн бэлэн мөнгөтэй, өргүй, гүйцэтгэлээр ойрын үед 100-200 сая төгрөг орж ирэх авлагатай хүлээлгэж өгсөн байдаг. Ингээд үе үед өргүй байдлыг уламжлал болгоод явж байна даа. Манай байгууллага мэргэжлийн байгууллага учраас улс төрөөс ангид, манайхан ч намайг их сайхан хүлээж авсан. Нэгд, мэргэжлийн хүн гэдгээр, хоёрт, би энэ компанидаа ерөнхий инженерээр 8 жил ажилласан учраас хамт олон маань халуун дотно хүлээж авлаа. Магсаржав дарга маань “Харгуй” компанийн захирлаар 23 жил ажилласан, Галхүү захирал 3 жил ажилласан, одоо миний бие гээд 1990 оноос хойш манайх ердөө гуравхан захирлын нүүр үзэж байна даа. Ер нь хуучин ажиллаж байсан ажилчид маань хэвээрээ ирэх 4 жилд ч багаараа ажиллана. Ажлаа аваад хүн халж сольсон юм байхгүй. Харин урьд нь ажиллаж байсан, “Тэргүүний замчин” цол тэмдгээ хүртэл авчихсан туршлагатай мундаг ажилчид маань гагцхүү архины асуудлаас болж халагдсан байсан 2 хүнд итгэл хүлээлгээд эргүүлж ажилд нь авсан байгаа.
- Та мэргэжлийн хүний хувьд салбартаа, томилогдсон байгууллагаараа дамжуулаад орон нутгийнхаа хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулж ажиллах хүсэлтэй байна вэ?
- 21 аймгийн Авто замын засвар арчлалтын компанид мэргэжлийн хоёрхон хүн томилогдож байгаагийн нэг нь би. Энэ ч утгаараа эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах эрч хүч дүүрэн байна. Ард иргэдээ аваар осолгүй амар амгалан зорчиход манай хамт олон үүрэг зорилгоо ухамсарлан хувь нэмрээ оруулж ажиллана. Түүнээс гадна аймаг орон нутгийн чанартай бүхий л ажилд бид оролцож, дэмжиж, манлайлж ажиллах болно.
Д.Одонтунгалаг