Ачаалж байна…
Ачаалж байна…
Нанзад Мөнхнаран

Булган, 2026 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Анхдугаар Үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах засаглалыг тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан Булган аймагт “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ыг энэ сарын 25-нд аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгууллаа.
16 нас хүрч иргэний үнэмлэхээ гардан авч буй хүүхэд, өсвөр үеийнхэнд төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, эх оронч сэтгэлгээ, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой тус ёслолд Булган сумын ерөнхий боловсролын 1, 2, 3 дугаар сургууль, политехник коллеж болон спортын сургуулийн төлөөлөл нийт 57 суралцагч оролцож, иргэний андгай өргөлөө.
Ёслолын үеэр Булган сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нийгмийн ухааны багш Ч.Сарантуяа “Үндсэн хууль” сэдвээр сурагчдад илтгэл тавьж, тусгаар тогтнолын үнэ цэн, түүхэн өдрийн ач холбогдлыг таниуллаа.
Монгол Улсын иргэний үнэмлэх гардан авч, Төрийн сүлд, далбаандаа хүндэтгэл үзүүлэн тангараг өргөх нь хүүхэд насаа үдэж, нийгмийн амьдралд бие даан оролцох сэтгэл зүйн бэлтгэлийг олгох чухал ач холбогдолтой юм. Ингэснээр өсвөр үеийнхэн Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэхийн зэрэгцээ хууль дээдэлдэг, өөрийн үйлдэлдээ эзэн болдог, орон нутаг болон улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах хариуцлагатай иргэн болж төлөвшихөд бодит нөлөө үзүүлдэг ажээ.
Сонирхуулахад, 2026 онд улсын хэмжээнд нийт 66,262 хүүхэд 16 нас хүрч Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авч байгаа бөгөөд аймаг, сумдад тэдний төлөөлөл ийнхүү иргэний андгайгаа өргөсөн байна.