Ачаалж байна…
Ачаалж байна…
Adyakhuu Batbazar

ЛОНДОН, 2026 оны арваннэгдүгээр сарын 23 /Kazinform/. Сүүний булчирхайн хорт хавдрыг илрүүлэхийн тулд хиймэл оюун ухааныг ашиглаж, үр дүнг тодорхойлох EDITH гэдэг нэртэй өргөн цар хүрээтэй судалгааны ажил Их Британид эхэллээ.
Энэ төсөл бол маммографийн шинжилгээнд хиймэл оюуныг ашиглах, үр дүнг үнэлэхэд чиглэсэн дэлхий дээрх хамгийн том туршилт юм.
Уорикийн их сургууль болон Кембрижийн их сургуулийн эмнэлгүүдийг нэгтгэдэг Cambridge University Hospitals NHS Foundation Trust байгууллагын хамтран явуулж буй судалгааг Эрүүл мэндийн үндэсний судалгааны хүрээлэнгийн төслийн хүрээнд санхүүжүүлж байна.
Уг төсөлд Их Британийн 30 скринингийн (урьдчилан сэргийлэх үзлэгийн) төвөөр үйлчлүүлэх 700 орчим мянган эмэгтэйг хамруулахаар төлөвлөжээ. Оролцогчдыг санамсаргүй түүврийн байдлаар гурван хэсэгт хуваасан бөгөөд эхний хэсэгт хамрагдсан бүсгүйчүүдийн маммограммын бичлэгийг Их Британийн Үндэсний эрүүл мэндийн албаны хоёр мэргэжилтэн хиймэл оюун ухаан ашиглахгүйгээр нарийвчлан судална.
Харин хоёр дахь ба гурав дахь хэсгүүдэд хамрагдсан эмэгтэйчүүдийн маммограммын зургуудад хоёр өөр байдлаар хиймэл оюуны тусламжтайгаар дүн шинжилгээ хийнэ. Тодруулбал, эмчийн анхны үзлэгийн дараа өвчний анзаарагдаагүй шинж тэмдгүүдийг илрүүлэхийн тулд, мөн хорт хавдар байх магадлалыг тодорхойлохын тулд үзлэгээс өмнө дүн шинжилгээг хийх юм.
Түүнчлэн, бүх зургийг дор хаяж нэг эмнэлгийн мэргэжилтэн заавал хянаж үзнэ. Ингэснээр илрүүлсэн хавдрын тоо, давтан шинжилгээнд орох эмэгтэйчүүдийн тоо, өвчтөнүүдийн янз бүрийн бүлэгт хиймэл оюуны үзүүлж буй үр нөлөө, мөн эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалалд уг технологийн үзүүлэх нөлөөг харьцуулан судлахаар төлөвлөж байна.
Судлаачдын үзэж байгаагаар, хиймэл оюуныг ашиглахтай холбоотой нэгэн эрсдэл бол "хуурамч эерэг хариу"-ны тоо нэмэгдэх явдал юм. Алгоритм нь хорт хавдрын бус хэсгүүдийг хорт хавдар байх өндөр магадлалтай хэмээн андуурч болзошгүй. Энэ нь олон эмэгтэйг давтан шинжилгээнд оруулахад хүргэх тул тэд сэтгэлийн түгшүүр зовнилд автаж магадгүй юм.
Судалгаанд сайн дурын үндсэн дээр оролцоно. Өөрийн рентген зургийг хиймэл оюун ухаан ашиглан шинжлүүлэхийг хүсэхгүй байгаа эмэгтэйчүүд энэ талаар үзлэгт орохоосоо өмнө эсвэл үзлэгийн үеэр эмнэлэгт мэдэгдэнэ. Ийм тохиолдолд маммографийн зургийг хиймэл оюун ухаан ашиглахгүйгээр хоёр мэргэжилтэн хянах бөгөөд тухайн оролцогчийн мэдээллийг судалгааны дүнд оруулахгүй.
Хиймэл оюун ухааныг ашиглах нь уг үйл явцын үр дүнг дээшлүүлж, эмч нар өвчтөнийг оношлох, эмчлэхэд илүү их цаг заваа зориулах боломжтой болно.
Судалгааны үр дүнг шинжлэх ухааны сэтгүүлүүдэд нийтлэхээс гадна хиймэл оюун ухааныг улсын хэмжээний урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгооны хөтөлбөрүүдэд нэвтрүүлэх эсэх талаар шийдвэр гаргахад нь туслах зорилгоор засгийн газарт танилцуулахаар төлөвлөж байна. Судалгааг зохион байгуулагчдын ярьснаар, энэхүү шинэ технологи нь эмнэлгийн тусламж үйлчилгээний аюулгүй байдал, чанарыг алдагдуулахгүйгээр өвчнийг илрүүлэх үйл явцыг хурдасгаж чадах эсэхийг тодорхойлоход оршино.