Ачаалж байна…
Ачаалж байна…
Баттөмөр Гэрэлт-Од

Эрдэнэбулган, 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Аймгуудын өрсөлдөх чадварын тайлангийн дүнгээр Архангай аймаг эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадвараараа 14 дүгээр байрт оржээ. 2023 онд 17 дугаар байрт байв.
Энэ нь Монгол Улсын 21 аймгийн хөгжил, өрсөлдөх чадварыг харьцуулан үнэлэх, тэдгээрийн давуу болон сул тал, өөрчлөлтийг тодорхойлох, орон нутгийн хөгжлийн бодлого, шийдвэр гаргалтад шаардлагатай мэдээллээр хангах зорилготой. Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээг бүрдүүлж буй үндсэн дөрвөн бүлгийн үр дүнг тус тусад нь авч үзвэл аймаг бүрийн давуу болон сул тал харилцан адилгүй харагдана.
Архангай аймаг ерөнхий үнэлгээгээр 14-т орсон ч эдийн засгийн тамир тэнхээгээр 43.29 оноогоор 10-р байр, засаглалын үр ашгаараа 59.80 оноогоор 12-т, бизнесийн үр ашгаар 58.27 оноогоор 13-т, дэд бүтцээрээ 28.53 оноогоор 18-т жагссан байна.
Судалгааны мэдээллийн эх үүсвэр нь Үндэсний статистикийн хороо болон холбогдох байгууллагуудын албан ёсны статистик мэдээлэл, Монгол Улсын 21 аймгийн бизнес эрхлэгчдээс авсан санал асуулгын мэдээлэл юм.
Ингэснээр аймгуудын өрсөлдөх чадварыг зөвхөн эдийн засгийн тоон үзүүлэлтээр бус, бизнес эрхлэгчдийн үнэлгээ, орон нутгийн бизнесийн орчны нөхцөл байдлыг хамтатган авч үздэгээрээ онцлогтой гэв.
Мөн аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг 2023 онд хамгийн сүүлд бүрэн хэмжээгээр гүйцэтгэж, үр дүнг нь танилцуулж байжээ. Өөрөөр хэлбэл, 2024, 2025 онд бизнес эрхлэгчдийн санал асуулгын судалгааг гүйцэтгэх боломжгүй байсан тул зөвхөн статистик мэдээлэлд тулгуурласан товхимол боловсруулсан байна. Эдгээр товхимол нь 21 аймгийн статистик үзүүлэлтийг харьцуулан харуулах боловч албан ёсны өрсөлдөх чадварын индексийн үнэлгээ биш гэдгийг дээрх судалгааны төвөөс мэдээллээ.