Ачаалж байна…
Ачаалж байна…
Jargal D

ВАШИНГТОН, 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /Kazinform/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Филиппинд хоёр өдрийн айлчлал хийж, АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ нийт 17 тэрбум гаруй ам.долларын худалдааны хэлцэл, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаа зарласан тухай “Казинформ” агентлагийн Вашингтон дахь сурвалжлагч мэдээлжээ.
Хамгийн томоохон хэлцлүүдийг Филиппинтэй байгуулжээ. Тухайлбал, “Боинг” /Boeing/, “Жи И Эйрспейс” /GE Aerospace/ компаниуд “Боинг 787” /Boeing 787/ загварын 20 ширхэг нисэх онгоц нийлүүлэх 12 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан байна. Мөн АНУ-ын нийлүүлэгчдээс батлан хамгаалах хэрэгсэл худалдан авахад нь зориулан Филиппинд 2 тэрбум гаруй ам.долларын цэргийн санхүүжилт /Foreign Military Financing, FMF/ олгохоор тохиролцсон байна. Үүнээс гадна, АНУ Филиппиний батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд 400 сая ам.доллар гаргахаар болсон байна.
Талууд хиймэл оюун, үүлэн технологи болон хиймэл дагуулын холбооны салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Түүнчлэн энхийн зорилгоор ашиглах цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах төлөвлөгөөгөө зарлажээ. Стратегийн дэд бүтцийг хөгжүүлэх, тухайлбал шатахуун түлш хадгалах байгууламж барих, Баско нисэх буудлыг шинэчлэхээр тохиролцсон байна. Мөн АНУ-ын эрчим хүч, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэх замаар хоёр орны худалдааны тэнцлийн алдагдлыг арилгахаар удирдагчид тохиролцжээ.
АНУ, Тайландын хооронд худалдааны хэлэлцээр байгуулах бэлтгэл ажил ахицтай үргэлжилж байгаа бөгөөд уг хэлэлцээрээр нийт бараа бүтээгдэхүүний 99 хувьд ногдуулах гаалийн татварыг тэглэж, Америкийн бараа бүтээгдэхүүний зах зээлд нэвтрэх худалдааны саадыг багасгахаар төлөвлөж байна. Түүнчлэн Тайланд улс АНУ-аас 123 сая хүртэлх ам.долларын үнийн дүн бүхий “ХАЙМАРС” /HIMARS/ пуужингийн систем худалдан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Индонезын хувьд АНУ-ын “Латитьюд Энержи” /Latitude Energy/ компани тус улсын “Данантара” /Danantara/ төрийн өмчит хөрөнгө оруулалтын сантай эрчим хүчний салбарт хамтран ажиллах хэлэлцээ эхлүүлснээ зарласан байна. Уг төсөл нь 2 тэрбум ам.долларын өртөгтэй бөгөөд Индонезын нүүрсний нөөцийн ашиглалтыг илүү үр ашигтай болгоход чиглэжээ.
Японы “Панасоник” /Panasonic/ компани АНУ-ын “Сила” /Sila/ компаниас цахиур-нүүрстөрөгчийн анодын дэвшилтэт материал худалдан авах нэг тэрбум ам.доллар хүртэлх үнийн дүнтэй олон жилийн гэрээ байгуулжээ.
Малайзад АНУ-ын “Навахо Транзишнл Энержи” /Navajo Transitional Energy Company, NTEC/ компани тус улсын үндэсний эрчим хүчний “Тенага Насионал Берхад” /Tenaga Nasional Berhad/ компанийн охин компани болох “Ти-Эн-Би Фьюэл Сервисиз”-д /TNB Fuel Services/ нүүрс нийлүүлэх 100 сая ам.долларын үнийн дүн бүхий гурван жилийн гэрээ байгуулсан байна. Мөн Малайз улс Америкийн компаниудын консорциумын оролцоотойгоор үндэсний хэмжээний үүлэн өгөгдөл хадгалах төв байгуулахаар төлөвлөжээ.
Харин Бруней улс АНУ-ын “Вёртив” /Vertiv/ компанийг нэг тэрбум шахам ам.долларын өртгөөр өгөгдөл боловсруулах төв барих төсөлдөө оролцуулахаар төлөвлөж байна.