Ачаалж байна…
Ачаалж байна…
Jargal D

ЖЕНЕВ, 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /TASS/. Энэтхэгийн шатарчин Доммаражу Гукеш, Узбекистаны шатарчин Жавохир Синдаров нар шатрын дэлхийн аварга цолны төлөөх халз тоглолтоо өнөөдөр эхлүүлнэ. Эхний өрөг Женев хотын ойролцоох Колоньи сууринд байрлах Мартин Бодмер сангийн байранд Улаанбаатарын цагаар 22:00 цагт эхэлнэ.
Кипр улсад дөрөвдүгээр сард болсон "аваргын төлөө тоглох өрсөлдөгчийг тодруулах тэмцээнд" Синдаров түрүүлснээр Гукештэй тоглох эрхийг авсан юм. Д.Гукеш 2024 оны 12 дугаар сард Хятадын шатарчин Дин Лижэнийг хожсоноор дэлхийн аварга болсон билээ.
Дэлхийн аваргын төлөө өрсөлдөх хоёр шатарчин хоёулаа 20 настай тул энэ удаагийн тоглолт нь түүхэн дэх хамгийн залуу шатарчдын өрсөлдөөн байх болно.
Гукеш Сингапурт хүртсэн дэлхийн аваргын цолоо анх удаа хамгаалах гэж байна. Тэрбээр тухайн үед Хятадын шатарчныг 7.5:6.5 оноогоор хожиж, 14 дэх буюу сүүлийн өрөгт шийдвэрлэх хожил байгуулсан юм. Ийнхүү 18 настайдаа дэлхийн аварга болсон тэрбээр Гарри Каспаровын амжилтыг ахиулж, шатрын түүхэн дэх хамгийн залуу дэлхийн аварга болсон билээ. Каспаров 22 настайдаа дэлхийн аваргын титмийг хүртэж байсан юм.
Гэвч Гукешийн хувьд цолоо хамгаалах өрсөлдөөн амаргүй байх төлөвтай байна. Олон улсын шатрын холбооны /ФИДЕ/ 11 дүгээр сарын чансаагаар тэрбээр 2710 оноотойгоор 26 дугаарт эрэмбэлэгдэж байгаа бол Синдаров 2782 оноотойгоор дөрөвдүгээрт жагсаж байна. Өөрөөр хэлбэл, өрсөлдөгч нь чансаагаар 72 оноогоор илүүрхэж байгаа юм. Дэлхийн аваргын титмийг Энэтхэгийн шатарчин эзэмшиж байгаа хэдий ч сүүлийн үеийн амжилтаар Синдаров илүү байна.
Синдаров Кипр улсад болсон "аваргын төлөө тоглох өрсөлдөгчийг тодруулах тэмцээнд" түрүүлэхдээ 14 өргөөс 10 оноо авч, нэг ч хожигдолгүйгээр тэмцээн дуусахаас нэг өргийн өмнө түрүүлэх нь тодорхой болж байв. Үүнээс өмнө тэрбээр 2025 онд ФИДЕ-гийн Дэлхийн цомын тэмцээнд түрүүлжээ. Синдаров дэлхийн аваргын төлөөх халз тоглолтод шалгарсан Узбекистаны анхны шатарчин болсон байна.
Узбекистаны шатарчны хувьд өмнөх тоглолтуудын үзүүлэлтээр өрсөлдөгчөөсөө илүүрхэж байна. Тэд сонгодог өргөөр гурван удаа өрсөлдөхөд Синдаров хоёр хожиж, нэг өрөгт тэнцжээ. Гэхдээ хоёр хожил нь 2018, 2022 онд үзүүлсэн амжилт гэдгийг анхаарах хэрэгтэй. Харин энэ онд Нидерландын Вейк-ан-Зее хотод болсон тэмцээний үеэр хамгийн сүүлд халз тоглоход тэдний өрөг тэнцээгээр дууссан бөгөөд Синдаров хүнд байрлалаас тэнцээ гаргаж чадсан юм.
Энэ удаагийн халз тоглолтын гол онцлог нь шатарчдын одоогийн бэлтгэл тухайн тоглолтын явцад хэрхэн нөлөөлөх вэ гэдгээс шалтгаална. Синдаров сүүлийн үеийн амжилтынхаа эрчээр дэлхийн аваргын төлөөх тоглолтод орж байгаа бол Гукеш ийм өрсөлдөөнд оролцож, аварга болж байсан туршлагатай. Тэрбээр нэг өрсөлдөгчтэй олон өдөр дараалан тоглох, өрөг бүрд бэлтгэлээ өөрчлөх, сэтгэл зүйн дарамтыг даван туулах чадвараа өмнө нь харуулсан юм. Гурван долоо хоногийн турш үргэлжлэх тоглолтын хугацаанд чансааны үзүүлэлт өөрчлөгдөхгүй хэдий ч ганцхан алдаа гаргахад тоглогчийн өөртөө итгэх итгэлд нөлөөлж болзошгүй юм.
Өрсөлдөгчид нийт 14 өрөг тоглох бөгөөд түрүүлж 7.5 оноо авсан нь аваргаар тодрох юм. Тоглогч бүр эхний 40 нүүдэлд хоёр цаг зарцуулах эрхтэй бөгөөд үүний дараа өрөг дуусах хүртэл 30 минут нэмж олгоно. Харин 41 дэх нүүдлээс эхлэн нүүдэл бүрд 30 секунд нэмэгдэх юм.
Сонгодог өргийн тоглолтууд 11 дүгээр сарын 24-26, 28-30-нд, 12 дугаар сарын 2-4, 6-8 болон 10-11-ний өдрүүдэд явагдана. Бүх өрөг Улаанбаатарын цагаар 22 цагт эхэлнэ. Хоёр тоглогч 7:7 оноогоор тэнцвэл 12 дугаар сарын 12-нд тай-брейкээр дэлхийн аваргыг тодруулна.
Халз тоглолтын шагналын сан нь 2.5 сая доллар бөгөөд хэрэв ялагчийг тай-брейкээр тодруулбал түрүүлсэн шатарчин 1.3 сая, хожигдсон нь 1.2 сая ам.доллар хүртэнэ.