Ачаалж байна…
Ачаалж байна…
Чойжамц Отгонцэцэг

Сүхбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар дулааны цахилгаан станцын I турбин-генераторыг энэ сарын 17-ны өдрийн 22:21 цагт эрчим хүчний нэгдсэн сүлжээнд зэрэгцээ ажиллагаанд амжилттай залгасан бол өнөөдрийн байдлаар 36.4 МВт-ын хүчин чадалд хүрч, бүрэн ачаалалтай ажиллаж эхэлжээ.
Нийт 70 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай тус станц нь тус бүр 35 МВт-ын хоёр турбин-генератороос бүрдэх бөгөөд ашиглалтад бүрэн орсноор бүс нутгийн эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чухал эх үүсвэр болох юм.
Станц жилд нийт 489 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхээр тооцоолсон бөгөөд үүний 440 сая кВт.ц-ийг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлэх төлөвлөгөөтэй байна. Энэ нь дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ төвийн эрчим хүчний системийн найдвартай ажиллагаа, эх үүсвэрийн хүртээмжийг дэмжих ач холбогдолтой.
Ийнхүү эхний турбин-генераторыг нэгдсэн сүлжээнд холбож, үйлдвэрлэлийн горимд шилжүүлсэн нь Сүхбаатар дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалтын чухал үе шат юм. Цаашид хоёр дахь турбин-генераторыг ашиглалтад оруулснаар станцын нийт 70 МВт-ын хүчин чадлыг бүрэн ашиглах нөхцөл бүрдэх юм.