Ачаалж байна…
Ачаалж байна…
Jargal D

БЕРЛИН, 2026 оны арваннэгдүгээр сарын 29 /ТАСС/. Германы боксчин Агит Кабайел Дэлхийн боксын зөвлөлийн (WBC) хүнд жингийн дэлхийн аварга цолоо хамгааллаа. Германы Дюссельдорф хотод болсон 12 үетэй тулаанд тэрбээр Албанийн боксчин Нельсон Хисаг хоёрдугаар үед техникийн хүнд цохилтоор ялжээ.
Тулааны өмнө илт сул өрсөлдөгчөөр тооцогдож байсан Хиса аваргатай ойрын зайд тулалдахыг хичээж, байнга зууралдан, хөдөлгөөнийг нь хязгаарлаж байв. Мөн довтлохыг оролдсон ч өрсөлдөгчөөсөө илүү олон цохилт алдсан байна. Хоёрдугаар үед Албанийн боксчин баруун гараа гэмтээсний улмаас хэсэг хугацааны дараа тулааныг үргэлжлүүлэхээс татгалзжээ.
Өдгөө 34 настай Кабайел энэ оны зургаадугаар сард Украины боксчин Александр Усик аваргын бүсээсээ татгалзсаны дараа WBC-гийн дэлхийн аварга цолыг хүртсэн бөгөөд ийнхүү анх удаа цолоо хамгаалсан байна. Германы боксчин 2025 оны нэгдүгээр сараас WBC холбооны түр аваргын бүсийг эзэмшиж байжээ. Кабайел 94 жилийн дараа хүнд жинд дэлхийн аварга болсон Германы анхны тамирчин болсон байна. Өмнө нь 1932 онд Макс Шмелинг ийм амжилт үзүүлж байжээ.
Кабайел мэргэжлийн боксын замналдаа 28 удаа ялж (20-ийг нь хүнд цохилтоор), нэг ч ялагдал хүлээгээгүй байна.
Харин өдгөө 42 настай Хиса мэргэжлийн замналдаа анх удаа ялагдал хүлээлээ. Тэрбээр өмнө нь 25 удаа (23-ыг нь хүнд цохилтоор) ялж байжээ. Хиса дэлхийн аварга цолны төлөө анх удаа тулалдсан байна.
Хиса сонирхогчдын боксоор 23 жил хичээллэхдээ Албани улсын аварга цолыг 22 удаа хүртэж, дэлхийн болон Европын аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцож байжээ. Тэрбээр 2022 онд 37 настайдаа мэргэжлийн бокст шилжиж, эхний хоёр жилд 14 тулаан хийсэн байна. Кабайелтай тулалдахаас өмнө дараалан 19 өрсөлдөгчөө хугацаанаас нь өмнө ялсан амжилттай байсан бөгөөд WBC холбооны чансааны 16 дугаарт бичигдэж байжээ.
Хүнд жингийн бусад нэр хүндтэй холбоодын дэлхийн аварга цолыг ОХУ-ын боксчин Мурат Гассиев (WBA), Хорватын боксчин Филип Хргович (IBF), Их Британийн боксчин Даниэль Дюбуа (WBO) нар эзэмшиж байна.