Ачаалж байна…
Ачаалж байна…
Г.Буянжаргал Буяка

Зуунмод, 2026 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Их зохиолч Д.Нацагдорж, Төрийн хошой шагналт Б.Дамдинсүрэн нарын “Учиртай гурван толгой” сонгодог дуурийн “Шилдэг дүр” шалгаруулах олон улсын VIII дугаар уралдаан үргэлжилж байна.
Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран зохион байгуулж буй Их зохиолч Д.Нацагдорж, хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн нарын “Учиртай гурван толгой” дуурийн "Шилдэг дүр" шалгаруулах олон улсын VIII уралдаан 2026 оны 11 дүгээр сарын 22-23-ны өдөр Монгол Улсын Филармони тайзнаа үргэлжилж байна.
Энэ удаагийн уралдаанд 32 дуучин оролцож, Монголын дуурийн урлагийн сор болсон бүтээл “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын дүрүүдийг ур чадвар, уран сайхны илэрхийлэл, тайзны бүтээлч байдлаараа амилуулан өрсөлдөж байна.
Уралдааны хуваарийн дагуу сүүлийн шатны шалгаруулалт өнөөдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улсын Филармонийн байранд болж байна. Төв аймгаас Монгол туургатан театрын дууны багш, МУСТА О.Сүглэгмаа мөн оролцож байгаа юм.
Их зохиолч Д.Нацагдоржийн Монголын соёл, утга зохиолын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмрийг олон нийт, залуу хойч үед сурталчлан таниулах зорилгоор ой тэмдэглэх тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2026 оны А/208 дугаар тушаал, Төв аймгийн Засаг даргын захирамж, батлагдсан төлөвлөгөөний дагуу олон ажлыг зохион байгуулж байгаа юм.
“Шилдэг дүр” шалгаруулах уралдаан нь 1990-ээд оноос эхлэлтэй бөгөөд олон жилийн турш Монголын дуурийн урлагт шинэ залуу авьяастныг нээн илрүүлэх, уран бүтээлчдийн ур чадварыг хөгжүүлэх, үндэсний дуурийн өвийг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн билээ.
Уралдааны шилдгүүдийг тодруулах “Гала” тоглолт болон шагнал гардуулах хүндэтгэлийн үйл ажиллагааг 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Монгол туургатан театрт зохион байгуулах юм.
Энэхүү уралдаан нь Монголын үндэсний дуурийн өв, их зохиолч Д.Нацагдоржийн бүтээл туурвилыг хойч үед өвлүүлэн үлдээх, дуурийн урлагийн залуу авьяастныг дэмжих, үндэсний соёлын үнэ цэнийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн чухал үйл ажиллагаа билээ.