Ачаалж байна…
Ачаалж байна…
Sarantsetseg Amarsaikhan

Улиастай, 2026 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Алдархаан сум аймгийн 24 сумаас анх удаа сумын төвийнхөө бүх өрхийг хог хаягдлаа ангилан ялгах нөхцөлөөр хангасан сум болох зорилт тавьж байгаа талаар Завхан аймгийн Байгаль орчны газраас мэдээллээ.
Тус сум 1042 өрх, 2917 хүн амтай бөгөөд сумын төвийн 109 айл өрх, зургаан төрийн байгууллагад хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах зориулалттай 240 литрийн багтаамжтай 115 багц хогийн савыг хүлээлгэн өгчээ.
Энэхүү ажлыг Австралийн Элчин сайдын яамны Шууд тусламжийн хөтөлбөрийн (DFAT–Direct Aid Program) санхүүжилтээр Алдархаан сумын Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Алдархаан сумын хүн бүрд хүртээмжтэй хог хаягдлын менежмент” төслийн хүрээнд зохион байгуулсан байна.
Хогийн савыг айл өрхүүдэд гэрээр нь хүргэж, төрийн байгууллагуудад хүлээлгэн өгөхдөө зориулалтын дагуу ашиглах, бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдлыг ангилан ялгах талаар зөвлөмж, мэдээлэл өгч, хариуцлагын гэрээ байгуулсан байна.
Төслийн зорилго нь ахуйн хог хаягдлыг үүссэн эх үүсвэр дээр нь ангилан ялгах дадлыг төлөвшүүлэх, ил задгай хог хаях явдлыг бууруулах, орчны бохирдлоос сэргийлэх, иргэдийн экологийн боловсрол, хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Цаашид тараасан савны ашиглалт, хадгалалтад хяналт тавьж, дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг ангилан ялгах зөв дадлыг хэвшүүлэх, ангилсан хогийг тогтоосон хуваарийн дагуу цуглуулж, тээвэрлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.