Ачаалж байна…
Ачаалж байна…
Цогзолмаа Г

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. “Монголчуудын ертөнц: Ил хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг “Чингис хаан” үндэсний музейд өнөөдөр нээлээ.
Тус үзэсгэлэн нь Монголын эзэнт гүрэн, монголчуудын дэлхийн соёл, урлаг, шинжлэх ухааны хөгжилд хэрхэн нөлөөлснийг шинэ өнцгөөс харуулж, олон нийтэд таниулах зорилготой юм. Үзэсгэлэнд дэлгэж буй бүтээлүүдийг сонгон шалгаруулж, Монгол Улсад авчрах ажлыг “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун удирдан зохион байгуулжээ.
Энэ хүрээнд Италийн Дорно дахины урлагийн музейтэй хамтын ажиллагаа тогтоож, тус музейн сан хөмрөгт хадгалагдаж буй хосгүй үнэт бүтээлүүдээс Монголын үзэгчдэд толилуулж байна. Эдгээр хосгүй үнэт бүтээлүүд Ази тивд анх удаа ирж буйгаараа онцлогтой. Тиймээс Монголын үзэгчид дэлхийн соёл иргэншлийн түүхэнд монголчуудын оруулсан хувь нэмэр, түүний ул мөрийг эх бүтээлүүдээр нь дамжуулан танин мэдэх томоохон боломж бүрдэж байна.
Нээлтийн үеэр “Чингис хаан” үндэсний музейн дэд захирал, доктор Д.Эрдмаа, “Чингис хаан, түүний залгамжлагчдын байгуулсан Монголын эзэнт гүрэн Евроазийн өргөн уудам газар нутгийг хамарч, олон улс үндэстний хооронд худалдаа, эдийн засаг, соёлын харилцаа, солилцоог хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Тухайн үеийн энэхүү харилцаа, нөлөөлөл Исламын ертөнцийн урлаг, соёлын хөгжилд ч гүнзгий ул мөрөө үлдээсэн”-ийг тодотгов.
Мөн тэрбээр, “Үзэсгэлэнд толилуулж буй Персийн шаазан эдлэл, барилгын шавар чимэглэлийн нарийн хийц, хээ угалзаас тухайн цаг үеийн урчуудын ур чадвар, гоо зүйн өндөр мэдрэмж тод харагдана. Бид эдгээр эх үзмэрээр дамжуулан Ил хаант улсын үеийн урлаг, соёлтой танилцахын зэрэгцээ Монголын түүхийг Евроазийн соёлын харилцааны өргөн хүрээнд ойлгож, танин мэдэх боломжтой. Манай музей нь Монголын төрт ёсны уламжлал, түүх, соёлын өвийг судлан шинжилж, эх орондоо болон дэлхий дахинд сурталчлан таниулах зорилготой. Бид Монголын төрт ёсны уламжлал, түүх, соёлын өвийг гүнзгийрүүлэн судалж, дотооддоо төдийгүй олон улсад сурталчлан таниулахыг зорьдог. Үүний зэрэгцээ дэлхийн музейнүүдэд хадгалагдаж буй хосгүй үнэт бүтээлүүдийг эх орондоо авчирч үзүүлэх боломж олгох нь манай музейн үйл ажиллагааны гол чиглэлийн нэг” хэмээв.
Турин хотын Дорно дахины урлаг судлалын музейн захирал, куратор Давиде Куадрио, “Бид “Чингис хаан” үндэсний музейтэй сүүлийн хэдэн жил хамтран ажиллаж байна. Жилийн өмнө Монголын алдарт уран бүтээлч, Өндөр гэгээн Занабазарын “Ногоон дарь эх” баримлыг Италид толилуулсан. Энэ нь хоёр музейн хамтын ажиллагааны чухал үйл явдал болсон. Харин энэ удаа Монголын эзэнт гүрэн, тэр дундаа Ил хаант улсын түүх, соёлтой холбоотой үнэт дурсгалуудыг Монголын үзэгчдэд толилуулж байна. Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан Монголын эзэнт гүрний нөлөө, ялангуяа Ил хаант улсын үед Ойрх Дорнодын ард иргэдийн өдөр тутмын амьдрал, ахуй хэрэглээ, урлаг соёлд хэрхэн тусгалаа олж байсныг харуулахыг зорьсон. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн хүмүүсийн хэрэглэж байсан эд өлгийн зүйлс, урлагийн бүтээлүүдээр дамжуулан түүхэн цаг үе, соёлын харилцан нөлөөллийг олон нийтэд таниулах юм. Мөн үзэсгэлэнгийн бэлтгэл ажлыг хангахаар тус музейн зөвлөх, судлаачдыг Италид урьж, манай музейн сан хөмрөгт хадгалагдаж буй ямар үзмэрүүдийг Монголын үзэгчдэд толилуулах боломжтой талаар хамтран судалж, сонгосон” гэв.
“Чингис хаан” үндэсний музейн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, куратор Б.Батбаатар, “Өмнө нь Европ, Евроази болон дэлхийн бусад улс оронд монголчуудын эрхшээлд байсан үеийг зөвхөн булаан эзлэлт, эзлэн түрэмгийлэл, сүйрэл дагуулсан үйл явдал хэмээн тайлбарлах нь түгээмэл байсан. Харин сүүлийн арав гаруй жилийн хугацаанд дэлхийн эрдэмтэд энэ түүхийг өөр өнцгөөс судалж, Монголын их хаадын ивээл дор шинжлэх ухаан, соёл, урлаг өндөр түвшинд хөгжиж байсныг хүлээн зөвшөөрөх болсон. Энэхүү үзэл, судалгааны шинэ чиг хандлагын хүрээнд уг үзэсгэлэнг дэглэн толилуулж байна. Энэ удаа Италийн Дорно дахины урлагийн музейгээс нийт 13 ширхэг шаазан болон шавар эдлэл, гоёл чимэглэлийн бүтээлийг Монгол Улсад авчирсан. Эдгээр нь тухайн цаг үед Монголын хаадын эрхшээл, ивээл дор байсан газар нутагт бүтээгдсэн түүх, соёлын үнэт өв юм. Тухайлбал, монголчуудын байлдан дагууллын өмнөх үед Персийн уламжлалт урлаг тодорхой хэмжээгээр уналтад орж, хөгжлийн зогсонги байдалд хүрсэн байсан гэж үздэг. Харин 1256 онд Хүлэгү хаан Исламын ертөнцөд Ил хаант улсыг байгуулснаар тухайн бүс нутгийн урлаг, соёл, шинжлэх ухааны олон салбарыг өөрийн ивээлд авч, хөгжүүлэхэд ихээхэн хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Үүний үр дүнд өмнө нь доройтож байсан урлаг, соёл, одон орон зэрэг шинжлэх ухааны салбар эрчимтэй хөгжсөн байдаг. Түүний бодит илэрхийлэл нь үзэсгэлэнд дэлгэн харуулж буй шавар, шаазан эдлэл, чимэглэлийн бүтээлүүд” гэлээ.
Үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдээс онцлон танилцуулах хэд хэдэн хосгүй үнэт үзмэр бий. Тэдгээрийн нэг нь шаазан аяга юм. Монголчуудын байлдан дагууллаас өмнө Ойрх Дорнодын исламын урлагт хүний дүрслэл, тэр дундаа эмэгтэй хүний дүрийг урлахад тодорхой хориг, хязгаарлалт үйлчилж байсан гэж үздэг. Харин Монголын эзэнт гүрний нөлөөгөөр урлагийн шинэ чиг хандлага дэлгэрч, шаазан эдлэл, уран зурагт хүний дүрс, байгаль, монгол хатад, нүүдэлчдийн соёлын онцлогийг илэрхийлсэн хээ угалз, дүрслэлүүд бий болжээ.
Мөн тахианы толгой хэлбэртэй нэгэн сонирхолтой ваар бий. Исламын уламжлалд тахиа үүр цайхыг зарлан донгоддог тул харанхуй шөнө дуусаж, гэрэл гэгээ ирэхийн бэлгэдэл хэмээн үздэг. Түүнчлэн шөнийн харанхуй, ад зэтгэр, муу муухай бүхнийг зайлуулж буйг илэрхийлдэг байна.
Тус үзэсгэлэн 12 дугаар сарын 20-ныг хүртэл олны хүртээл болно.