Ачаалж байна…
Ачаалж байна…
Г.Буянжаргал Буяка

Зуунмод, 2026 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Төвийн бүсийн аймгуудын орос хэлний олимпиад, соёлын үйл ажиллагаа Эрдэнэт хотноо 2026 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр болж өнгөрлөө. Тус олимпиадад Төв аймгаас оролцсон баг гутгаар байр эзэлсэн амжилттай байна.
Олимпиадад Орхон, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн багш, сурагчид оролцож, «Орос хэл, соёлыг хэн сайн мэдэх вэ?» танин мэдэхүйн тэмцээнээс гадна Орос хэл, Математик, Химийн хичээлүүдээр мэдлэг, оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдлөө.
Зуунмод сумын 2 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Мөнх-Эрдэнэ Математик болон танин мэдэхүйн тэмцээнд тэргүүлж, ОХУ-д өөрийн хүссэн мэргэжлээр 100 хувийн тэтгэлгээр суралцах эрхийн бичгийн эзэн боллоо.
Мөн Угтаал сумын Орос хэлний багш Н.Нямдаваа, Батсүмбэр сумын Орос хэлний багш Ц.Алтанзул нар багш нарын олимпиадад тэргүүллээ.
Багийн дүнгээр Орхон аймаг тэргүүн байр эзэлсэн бол дэд байрыг Дархан-Уул аймаг эзэлж, гутгаар байрт Төв аймаг шалгарчээ.
Эхний гурван байрт шалгарсан сурагч, багш нар ОХУ-ын Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр суралцах, мэргэжил дээшлүүлэх эрх авч, дараагийн шатны бүртгэлд хамрагддаг байна.