Ачаалж байна…
Ачаалж байна…
Нанзад Мөнхнаран

Булган, 2026 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Булган аймгийн “Ариун-Эрдэнэ” сангаас ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд “Булганы хөгжил миний нүдээр” сэдэвт илтгэлийн уралдааныг анх удаа зохион байгуулна. Уралдаанд аймгийн 16 сум, нэг тосгоны 2700 орчим сурагч оролцох боломжтой юм.
Уралдаан нь хүүхэд, залуучуудын боловсролыг дэмжих, төрөлх нутгийнхаа хөгжилд залуу үеийнхний үзэл бодол, санал санаачилгыг тусгах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой. Хоёр үе шаттай зохион байгуулах бөгөөд эхний шатны шалгаруулалтыг 12 дугаар сарын 15-нд сум, тосгон бүрд явуулж, шилдэг хоёр оролцогчийг тодруулна. Улмаар шалгарсан 30 гаруй сурагч арванхоёрдугаар сарын 21-нд аймгийн төвд болох эцсийн шатанд өрсөлдөх юм.
Тус сангийнхан уралдааны өмнө аймгийнхаа бүх сум, тосгонд ажиллаж, сурагчдад илтгэл бичих, өөрийгөө илэрхийлэх ур чадвар, мэргэжлээ зөв сонгох, гадаадад суралцах боломжийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгчээ. “Ариун-Эрдэнэ” сангийн тэргүүн Б.Ариун-Эрдэнэ, дуучин лам нарын бүрэлдэхүүнтэй баг 9-12 дугаар ангийн сурагчидтай уулзаж, тэдний хүсэл мөрөөдөл, ирээдүйн зорилгын талаар ярилцан, урлагийн тоглолтоор ая дуугаа өргөсөн байна.
Энэ удаагийн ажлын онцлог нь уралдаан зарлаад орхих бус, алслагдсан сум, тосгоны сурагчдад биечлэн хүрч, оролцох бэлтгэл, чиглүүлэг өгч байгаагаараа онцлог юм. Ингэснээр сурагчид оршин суугаа газраасаа үл хамааран мэдлэг, чадвараа сорих, өөрийн үзэл бодлыг илэрхийлэх ижил боломжтой болж байна.
Түүнчлэн багийнхан очсон сум, тосгон бүрийн байршил, аймгийн төвөөс алслагдсан зай, авто замын нөхцөл, онцлог төрхийг дроноор дүрсжүүлж, богино хэмжээний танилцуулга бэлтгэжээ. Энэ нь хүүхэд, залууст төрөлх нутгийнхаа байгаль, орчин, хөгжил, онцлогийг танин мэдэх, нутгаараа бахархах сэдэл төрүүлэхэд чиглэж байна.
“Ариун-Эрдэнэ” сангийн тэргүүн Б.Ариун-Эрдэнэ сурагчдад хандан “Булган нутгаа ирээдүйд ямар байгаасай гэж хүсдэг вэ? Тэр ирээдүйг бүтээхийн тулд юунаас эхлэх вэ? Энэ тухай өөрийн бодол, санаагаа илтгэлээрээ хуваалцаж, уралдаандаа идэвхтэй оролцоорой” хэмээн уриалжээ.
Уралдаанаар сурагчид төрөлх нутгийнхаа хөгжилд тулгамдаж буй асуудлыг өөрсдийн өнцгөөс тодорхойлж, шийдэл, шинэ санаагаа танилцуулах боломжтой. Тэдний дэвшүүлсэн санал санаачилга нь орон нутгийн хөгжлийн бодлого, цаашдын төлөвлөлтөд залуу үеийнхний дуу хоолойг тусгахад чухал ач холбогдолтой юм.
Уралдааны удирдамж, шагналын сан, бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Ариун-Эрдэнэ” сангийн албан ёсны цахим хуудсаар хүргэх аж.