Ачаалж байна…
Ачаалж байна…
Batkhuu Begz

Улаангом. 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Увс нуур хөлдөж буйтай холбогдуулан аймгийн төв болох Улаангом суманд нуурын будан татаж, нар үзэгдэхээ байж, бүрхэг бүүдгэр өдрүүд эхлээд байна. Увс нуур бүхэлдээ хөлдөх хүртэл буюу нэг сар гаруй хугацаанд энэ өдрүүд үргэлжилдэг юм.
Байгалийн энэ сонин үзэгдэл аймгийн төвөөс гадна Увс нуурын эргэн тойрны Тэс, Давст, Түргэн зэрэг суманд мөн ажиглагдах бөгөөд өдөр бүр цас бага багаар хялмаалан орсоор замын халтиргаа гулгаа нэн ихээр нэмэгддэг юм.
Монголын хамгийн том нуур болох Увс нуур нь жил бүрийн арваннэгдүгээр сараас эхлэн хөлдөж, улмаар шинэ оны нэгдүгээр сараас унаа машинтай хүмүүс дээгүүр нь зам товчлон явах бүрэн боломжтой болдог. Тухайлбал, Улаангом-Тэс сум хооронд зорчигчид нуур хөлдсөний дараагаар зам товчлон дээгүүр нь явснаар 160 км биш, 90 км яваад тус суманд очих боломжтой болдог. Ийнхүү жил бүрийн нэгдүгээр сараас эхлэн дөрөвдүгээр сар хүртэл Увс нууран дээгүүр Тэс сумынхан зам товчлон зорчдог юм. Хэдийгээр ачаа бараатай хүнд даацын автомашинууд хүртэл нууран дээгүүр явж зам товчлон заримдаа мөс цөмлөн сөн гүйлгэдэгч Увс нуур, Тэс голын хөндийгөөр өвлийн ид хүйтний үед хасах 50 хэмээс дээш гарч хүйтэрдэг тул нуурын мөс дорхноо бүтүүрдэг байна. Увс нууранд өвлийн ид хүйтний үед нэг метр гаруй зузаан мөсөн бүрхүүл тогтдог. Гэвч сүүлийн жилүүдэд мөсний зузаан харьцангуй нимгэн хөлддөг болсныг цаг уурын байгууллагаас анхааруулж байгаа.