Ачаалж байна…
Ачаалж байна…
Adyakhuu Batbazar

ВАШИНГТОН, 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /BILD/. 1912 онд живсэн “Титаник” хөлөг онгоцноос гаргаж авсан 361 ширхэг эд өлгийн зүйлийг худалдахыг хориглох тухай шийдвэрийг АНУ-ын Холбооны шүүхийн шүүгч Ребекка Бит Смит гаргалаа.
Дуудлага худалдаанд тавихаар төлөвлөж байсан эд зүйлсийн дотор сахиусан тэнгэрийн хүрэл баримал, хөлөг онгоцны хонх, нэгдүгээр зэрэглэлийн зорчигчдод зориулсан аяга таваг, гоёл чимэглэлүүд болон зорчигчдын хувийн эд зүйлс байна.
Эдгээр зүйлсийг “Титаник”-аас гаргаж авсан R.M.S. Titanic Inc. компани дуудлага худалдаагаар оруулахаар төлөвлөж байжээ. Компанийн мэдэлд 5500 гаруй ширхэг эд зүйл байгаа бөгөөд 2007 онд 189 сая доллароор үнэлэгдэж байв.
Харин маргаан дагуулж буй дээр дурдсан 361 эд зүйл нь “Франц цуглуулга”-д хамаарах бөгөөд Франц-Америкийн хамтарсан экспедиц 1987 онд тэдгээрийг 3800 м-ийн гүнээс гаргаж авчээ.
Санхүүгийн хүндрэл учирсан тул эд зүйлсийг худалдах шаардлагатай болсон гэж компани тайлбарласан боловч шүүгч уг үндэслэлийг эргэлзээтэй гэж үзээд дуудлага худалдаа явуулахыг хориглосон шийдвэрийнхээ хугацааг сунгасан байна. Живсэн хөлөг онгоцноос гаргаж авсан цуглуулгуудыг хамтад нь хадгалах ёстой бөгөөд музейн үзмэр, танин мэдэхүйн зорилгоор олон нийтэд үзүүлэх юм. Түүнчлэн АНУ ба Францын засгийн газрууд цуглуулгыг худалдахыг эсэргүүцэж байгаа юм.
Харин R.M.S. Titanic Inc. компани "Францын оролцоотойгоор гаргаж авсан эд зүйлстэй холбоотой хэргийг Америкийн шүүх хянан шийдвэрлэх эрхгүй” хэмээн үзэж байна.
Өмнө нь мэдээлснээр, 1912 оны ослоос амьд үлдсэн “Титаник”-ийн зорчигч Лора Мейбл Франкателлигийн өмсөж байсан аврах хантаазыг дуудлага худалдаагаар 670 мянган фунт стерлингийн үнэ хүрсэн нь анхны үнээс олон дахин давжээ.