Ачаалж байна…
Ачаалж байна…
Adyakhuu Batbazar

ВАШИНГТОН, 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /DW/. Хиймэл оюунд зориулсан чип үйлдвэрлэгч АНУ-ын Нвидиа компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд Женсен Хуангийг тус компанийн ерөнхийлөгч бөгөөд ерөнхий захирлын албан тушаалд эргүүлэн томилох тухай шийдвэрийг өчигдөр орой санал нэгтэйгээр гаргалаа.
“Шийдвэр гаргах явцад Төлөөлөн удирдах зөвлөл нь АНУ-ын засгийн газрын өндөр албан тушаалтнуудаас зохих мэдээллийг авсан бөгөөд үүний үндсэн дээр ноён Хуангийг албан тушаалд нь эргүүлэн томилох нь үндэсний аюулгүй байдалд харшлахгүй гэж үзлээ” гэж Nvidia компанийн мэдэгдэлд дурджээ.
Үүний сацуу “Хуанг гадаадын тагнуулын байгууллагын анхааралд өртсөн” гэх мэдээллийг дотоодын хяналтын хүрээнд шалгаж буй хараат бус комисстой хамтран ажиллах үүргийг ноён Ж.Хуангад өгсөн болохыг онцолсон байна.
Энэ мэдээ цацагдсан даруйд Nasdaq бирж дээр Nvidia-гийн хувьцааны ханш 30 хувиар өсжээ. Дуулиан дэгдсэний дараахан 11 дүгээр сарын 12-ны өдөр тус компанийн хувьцааны ханш 14 хувиар унаж, 148.87 доллар болоод байсан бол 21-ний өдөр зах зээлийн үнэлгээ нь 1.04 их наяд доллароор буурсан юм.
Сануулан дурдахад, Ж.Хуанг Хятадын тагнуулын байгууллагатай холбоотой байж болзошгүй Хятадын иргэн эмэгтэйтэй гэр бүлээс гадуур харилцаа тогтоосон тухай мэдээ 11 дүгээр сарын дундуур хэвлэлүүдэд гарсны дараа тэрбээр албан тушаалаасаа огцорсон юм. Үүний дараа Nvidia-гийн топ менежерүүдийн нэгэнтэй Хуанг амрагийн харилцаатай байсан тухай мэдээ цацагдсан байна.
Хуанг халагдсаны дараа түүний дэмжсэн кампанит ажил АНУ-д өрнөсөн юм. Илон Маск болон Epic Games компанийн захирал Тим Суини нар Хуангийг эргүүлэн томилохыг шаардсан ил захидал илгээсэн бол түүнийг дэмжигчид технологийн бусад компанийн захирлуудаас бүрдсэн “штаб” байгуулж, Хуангийг эргүүлэн томилох нь зүйтэй хэмээн Nvidia-гийн ТУЗ-ийн гишүүдийг ятгахаар төлөвлөж байв.
Nvidia бол АНУ-ын хувьд стратегийн үлэмж ач холбогдолтой, хиймэл оюун ухааны салбарт дэлхийд тэргүүлж буй технологийн компаниудын нэг юм. Тус компанийн үйлдвэрлэж буй чипүүдийг хиймэл оюуны загваруудыг сургах, супер компьютер зохион бүтээх, үүлэн технологийг хөгжүүлэх, их хэмжээний өгөгдлийг боловсруулахад ашиглаж байна.