Блаттер, Платини нарын эрхийг нь хасаж, торголоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
nyamtulga@montsame.mn
2015-12-22 10:50:01

ЦЮРИХ. /NHK/. Дэлхийн хөл бөмбөгийн удирдах байгууллага болох ФИФА-гийн ерөнхийлөгч Зепп Блаттер, дэд ерөнхийлөгч Мишель Платини нарыг тус байгууллагын сангаас мөнгө завшсан хэргээр хөл бөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох эрхийг нь найман жилээр хассан байна.

2011 онд ФИФА-гаас Платинид хоёр сая гаруй долларын хууль бус төлбөр төлсөнтэй холбогдуулан Швейцарийн прокурор Блаттерийг мөрдөн шалгажээ. 10 дугаар сард ФИФА-гийн ёс зүйн хороо Платини, Блаттер нарыг 90 хоног албан тушаалаас нь огцруулжээ. Уг төлбөр бол хөдөлмөрийг нь үнэлж олгосон зохистой шагнал юм гэж тэд үйлдлээ зөвтгөж байна.

Гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үр дүнг ёс зүйн хороо өчигдөр дүгнэж, тэдний мэдэгдлийг нотлох баримт хангалтгүй байна гэж мэдэгджээ.

Мөн Блаттерийг 50 мянга, Платинийг 80 мянган доллароор торгож байна гэж хороо мэдэгдэлдээ дурдав.

Ийм шийдвэр гарснаар, ирэх хоёрдугаар сард болох ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуульд Платини өрсөлдөх боломжгүй болж байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ