Милан-Кортинагийн өвлийн Олимп эхлэхэд 100 хоног үлджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-10-30 17:47:27

МИЛАН, 2025 оны аравдугаар сарын 30 /AFP/. Милан-Кортинагийн өвлийн Олимпын наадам эхлэхэд яг 100 хоногийн хугацаа үлджээ. Зохион байгуулагчид ирэх хоёрдугаар сар гэхэд Италийн хойд нутагт хүрэлцэн ирэх тамирчид болон хөгжөөн дэмжигчдэд зориулсан бүх байгууламж бэлэн болно хэмээн найдаж байна.


Гурван сар гаруйн дараа өвлийн спортын наадам Италид гурав дахь удаагаа, 2006 оны Турины наадмаас хойш Баруун Европт анх удаагаа зохион байгуулагдах юм. Милан-Кортинагийн наадмын зардал нь 5.2 тэрбум евро /6.05 тэрбум ам.доллар/ бөгөөд энэ нь өмнөх гурван өвлийн олимпод зарцуулсан мөнгөн дүнгээс хамаагүй бага юм.


2026 оны хоёрдугаар сарын 6-22-ны хооронд болох Олимпын наадам нь Миланаас Италийн зүүн хойд нутагт орших Доломит уулс хүртэлх өргөн уудам нутгийг хамарна. Мөсөн спортын төрлүүд Миланд болох бол Бормио, Кортина хотуудад уулын цанын тэмцээнийг зохион байгуулна.


Харин биатлон Антерсельвад, цанын төрөл Валь ди Фиеммед болох бол Альпийн нурууны Ливиньод сноуборд, чөлөөт цанын төрлийн тэмцээнүүд болно. Зохион байгуулагчид бэлэн байгаа дэд бүтцийг ашиглахад ихээхэн анхаарсан бөгөөд тэмцээн болох 13 байгууламжийн зөвхөн хоёр нь шинээр баригдаж байна.


Милан дахь хоёр Олимпын тосгон болон Кортина д'Ампеццо дахь цанын бааз хоёулаа энэ сарын эхээр баригдаж дуусжээ. Харин хоккейн тэмцээн болох Милан дахь “Санта Жулиа” цэнгэлдэх хүрээлэнг хувийн компани барьж байгаа бөгөөд нээлтийн ёслолоос нэг сарын өмнө туршилт хийж амжихгүй бололтой.


Лхагва гарагт мөн зохион байгуулагчид медалийн тавцангуудыг танилцуулсан бөгөөд Италийн Олимпын хорооны тэргүүн Лучано Буонфиглио улсынх нь тамирчид гурван жилийн өмнө хүртсэн медалийнхаа тоогоо ахиулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.


“2022 онд Бээжинд 17 медаль хүртсэн бид хамгийн цөөндөө 19 медаль авах ёстой” гэж Л.Буонфиглио лхагва гарагт Миланд болсон үйл ажиллагааны үеэр хэлжээ. Энэ нь өвлийн Олимпоос 20 медаль хүртсэн Италийн дээд амжилтаас нэгээр цөөн юм. Энэхүү амжилтыг италичууд 1994 онд Лиллехаммерын наадамд 7 алтан медаль хүртэж, багийн дүнгээр дөрөвдүгээр байрт орсноор тогтоож байлаа. Харин гурван жилийн өмнө италичууд ердөө хоёр алтан медаль хүртжээ. 

Холбоотой мэдээ