“Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа-1” аян хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2018-10-25 15:34:16
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ,Эрүүл мэндийн газраас 429 дүгээр хаалттай хорих ангийн төрөлжсөн мэргэжлийн эмнэлэгтэй хамтран 10 дугаар сарын 17-24-нд “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа-1” аян болон “Эрүүл цус-2” аяныг  Гурвансайхан, Говь-Угтаал, Эрдэнэдалай, Адаацаг, Сайнцагаан суманд зохион байгууллаа.

Аяны хүрээнд  хөдөөгийн малчид болон аймгийн төвөөс алслагдсан иргэдэд нарийн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ хийж, 429 дүгээр хаалттай хорих ангийн төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн дижитал зөөврийн рентген аппаратны тусламжтайгаар аймагтаа хийгддэггүй цээжний рентген оношилгоо хийжээ.

Мөн сумын ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад “Сүрьеэ- эдгэрдэг өвчин, үүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр эрүүл мэндийн боловсрол олгох сургалт хийсэн байна.

Аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлын  нэг хэсэг болсон  энэхүү аяны хүрээнд 839 хүнийг нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулж, иргэд болон сургуулийн ахлах ангийн сурагч нийт 237 хүнд мэдлэг олгов.

Сүрьеэ өвчнийг аймагтаа илрүүлэх аппаратгүй учраас Улаанбаатар явж оношлуулдаг бэрхшээлийг дөрвөн суманд ийн шийджээ.  

Д.Алтантогос

Холбоотой мэдээ