Архангайд 30 гаруй мянган мал хорогдоод байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-10 12:00:19

Албаны эх сурвалжийн мэдээлснээр энэ оны гуравдугаар сарын 10-ны байдлаар Архангай аймгийн хэмжээнд 31162 мал хорогджээ.

Сумаар нь авч үзвэл, Хангайд 8439, Цахирт 7771, Тариатад 6751, Хайрхан суманд 2453, Өндөр-Улаан 1418, Хашаатад 1338 Чулуутад 968, Ихтамир 621, Жаргалантад 376, Эрдэнэмандал 302, Булган 276 Хотонтод 237, Цэнхэрт 186, Батцэнгэлд 71, Эрдэнэбулган суманд 15 мал тус тус хорогджээ.

Өнгөрсөн зуны аагим халуунд хатсан газар, өвлийн адгаар орсон  их цас мал доройтоход хүчтэй нөлөөлсөн нь дамжиггүй. Гэхдээ малчин хүний мал маллагаа, хариуцлага, өвөлжилтийн байдал ажлаас их зүйл шалтгаалж байгаа нь дүн шинжилгээ хийхэд харагдаж байна. Гуравдугаар сарын 9-ний өдөр Цэнхэр сумын Цэцэрлэг, Цэнхэр Алтан-Овоо багийн хилийн заагийн дагуухь хот айлуудтай утсаар холбогдож лавлахад, машин явж болохгүй их хунгарласан цастай байгаа. Гэхдээ малаар бэлчээхгүйгээр бэлтгэсэн өвс хужраар хотонд нь тэжээж байна. Өвс тэжээлийн нөөц хүрэлцээтэй гэцгээв. 
Мөн сумын Орхон багийн 10 гаруй өрх жилийн турш Хангай нурууны зүүн урд хэсэгт Солбидгийн нуруу, Чингисийн түмэн цэргийн овоо Ар, Өвөр Хошигтоор малаа ойртуулан тэсгим хүйтэн, их цасыг даван туулж яваа зэрэг олзуурхан, бусдад жишээ болгон дуулгах сайхан мэдээ бас байх юм.  

Архангай аймаг. Л.Булган


 

Холбоотой мэдээ