Засгийн газар 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-01-16 10:30:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар иргэдийн санал, хүсэлтэд тулгуурлан төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарлав.

Сүүлийн жилүүдэд төрд итгэх иргэдийн итгэл суларсан байна. Тиймээс иргэдийн санал, хүсэлтэд тулгуурласан, оролцоог хангасан ил тод, хариуцлагатай, цахим үйлчилгээг хөгжүүлэх нь чухал байгааг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа.

“Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд төрийн 320 гаруй үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн төрийн үйлчилгээний стандартыг шинэчлэх, нэг цэгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр 70 төсөл хэрэгжүүлэх аж.

Энэ үеэр ЗТХ-ийн сайд Я.Содбаатар "Төрийн байгууллагын үйл ажиллагаа, мэдээ, мэдээлэл тодорхой хэмжээнд цахимжиж байгаа. Гэтэл төрийн байгууллагууд цахим системээсээ татаад авчих боломжтой мэдээллийг иргэдээс цаасан хэлбэрээр нэхдэгээ болих хэрэгтэй” гэсэн санал хэллээ.

Аль салбарын үйлчилгээ иргэдэд хамгийн их чирэгдэлтэй байгаа болон нэн тэргүүнд ямар салбарыг цахим хэлбэрт шилжүүлэх шаардлагатай байгаа талаар нарийн судалгаа гаргах хэрэгтэй гэдгийг Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд дурдсан юм.

Мөн үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин Засгийн газраас 2018 онд зарласан “Сахилга, хариуцлагын жил”-ийн хүрээнд Засгийн газар, төрийн байгууллагуудын хэрэгжүүлсэн ажлын тайланг товч танилцууллаа.

Өнгөрсөн онд төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тусгай зөвшөөрөл олгох, газар олгох ажлыг нийтэд ил тод болгох чиглэлээр яам, агентлагууд олон ажлыг шинээр эхлүүлснийг Шадар сайд дурдаад, “ЭМЯ эм, эмнэлгийн хэрэгслийн импорт, экспортын зөвшөөрөл олгох ажлыг, БХЯ харьяа байгууллагуудынхаа бүх худалдан авах ажиллагааг цахимаар зохион байгуулсан. Төрийн захиргааны бүх байгууллага албан хаагчидтайгаа үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээ байгуулж, үүргээ хангалтгүй биелүүлсэн 1655 ажилтанд сахилгын шийтгэл оногдуулсан. Үүний дийлэнхийг ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн, ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зэрэг зөрчил эзэлж байна. 2018 онд улсын төсвийн хөрөнгөөр 636 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 613 төсөл хэрэгжүүлэгчийг хуулийн дагуу сонгон шалгаруулсан. Төрийн захиргааны удирдах албан тушаалтнуудын сонгон шалгаруулалтыг улсын хэмжээнд хангалтгүй зохион байгуулсан байна. Тодруулбал, төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшлийн түвшний үнэлгээнд хамруулсан 45 576 хүнээс тангараг өргөөгүй 1030, түр орлон гүйцэтгэгч 1159, гэрээт ажилтан 2442, төрийн албаны шалгалт өгөөгүй 726 албан хаагч байна. Харин ШӨХТГ, ОБЕГ албан хаагчдаа ажлын үр дүнгээр нь үнэлж дэвшүүлэн томилсон нь сайн жишиг болсон” хэмээв.

Дараа нь ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор орон даяар өрнүүлсэн төрийн жинхэнэ албан хаагчдын ажил, мэргэшлийн түвшний үнэлгээний дүнг танилцууллаа.

Уг үнэлгээнд 13 яам, 21 агентлаг, 21 аймгийн бүх сумын 44467 төрийн албан хаагчийг хамруулсан байна. Энэ хүрээнд хууль зүй, мэдээлэл, технологи, төрийн захиргаа болон төрийн албан хаагчийн тестийн шалгалт авчээ. Төрийн залгамж чанар, мерит зарчим алдагдаж буйг харуулсныг ЗГХЭГ-ын дарга онцлов. Тодруулбал, яам, агентлагийн ажилчдын 58.3 хувь нь 1-5 жил ажиллаж байгаагаас гадна төрийн албаны шалгалт өгөөгүй 700 гаруй албан хаагч байгааг шүүмжилсэн юм. Мөн төрийн байгууллагуудад зохион байгуулж буй сургалтуудын уялдаа холбоо, үр дүнг сайжруулах шаардлагатай байгааг дурдсан юм. Уг ажлыг хэрэгжүүлэх үүднээс Төрийн албаны зөвлөл болон Удирдлагын академи хамтран төрийн албан хаагчдыг давтан сургах төлөвлөгөө боловсруулсныг хэллээ.

Хуралдааны төгсгөлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, “Монгол Улсын Засгийн газар төрийн бүх шатанд шударга ёсыг тогтоох болон эдийн засгийг сэргээх гэсэн хоёр зорилт дэвшүүлсэн, энэ нь тодорхой хэмжээнд хэрэгжиж байна. Монгол Улсын эдийн засаг сэргэж байна. Хамгийн гол нь иргэдэд үр ашгийг нь хүртээхэд анхаарах хэрэгтэй. Ард түмний амьдрал хүнд байгааг хүн бүхэн мэдэж байна. Гэхдээ нэн тэргүүнд шударга ёсыг тогтоох нь чухал. Өвлийн тачигнасан хүйтэнд 30 мянга гаруй иргэн цуглаж, шударга ёс тогтоохыг шаардаж байна. Эрхзүйт төрд ямар ч албан тушаалтан хуулиас дээгүүр байх ёсгүй. Тиймээс шударга нийгэм байгуулах, төрийн албыг сахилга баттай болгохын төлөө хамтарч ажиллана гэж итгэж байна” гэлээ.

Ингээд Ерөнхий сайд У.Хүрэлсүх газрын тос боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, сургууль цэцэрлэг, зам гүүр зэрэг бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах, төсвийн сахилга бат хариуцлагыг чангатгах, цахим засаглалыг бий болгож, төрийн хүнд суртлыг арилгах, ажлын уялдаа холбоог хангахыг 21 аймгийн Засаг дарга нарт үүрэг болгов.

Холбоотой мэдээ