Цагаанчулуут багийн 49-52 гудамжинд дахин төлөвлөлт хийх боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2019-01-22 12:58:00

Орхон /МОНЦАМЭ/. Орон нутгийн засаг захиргаа “Евро Эко Төгөл” хороолол төслийн гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээгээ шинэчиллээ. 2012 онд эхэлсэн тус төслийн хүрээнд нийтдээ 3474 айлын орон сууц 280 хүүхдийн хоёр цэцэрлэг, 1100 хүүхдийн сургууль, худалдаа, үйлчилгээний төв ашиглалтад орох ёстой.  

Төслийн гэрээ урьд нь хоёр удаа шинэчлэгдсэн бөгөөд шинэчлэл оруулах бүрт орон нутгийн иргэдэд ашиггүй заалтууд нэмэгдэж байсан гэнэ. Энэ талаар АЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Ганзориг, “Хороолол төлөвлөгдсөн газарт буюу Цагаанчулуут багийн 49-52 гудамжинд оршин сууж буй айлуудыг дахин төлөвлөлтөд хамруулах хугацаа хойшилсоор ирсэн. Мөн нийгмийн дэд бүтцийн ажлуудыг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр “Их хаадын цуваа” компани гүйцэтгэдэг байсан. Эдгээр асуудлуудыг гэрээг шинэчлэн байгуулснаар иргэд, орон нутагт ашигтай байдлаар шийдэж чадлаа” гэсэн юм. 

Түүнээс гадна тус төслийг хэрэгжүүлэгч талаас орон нутгийн төсөвт төвлөрүүлэх газрын төлбөрийн асуудлыг нэг мөр шийдвэрлэжээ.

Шинэчилсэн гэрээг 15 жилийн хугацаатай байгууллаа. 

Дашрамд дурдахад, Чех Улсын “FINE EP” компани хөрөнгө оруулж “Их хаадын цуваа” ХХК-ийн гүйцэтгэж буй “Евро Эко Төгөл” хороолол төслийг хэрэгжүүлэхийн тулд орон нутаг газрыг үнэ төлбөргүй олгож, инженерийн шугам сүлжээний зардалд улсын төсвөөс 5 тэрбум төгрөг зарцуулсан юм. 

 


Холбоотой мэдээ