ОРХОН: Спортын 45 дугаар спартакиадын аваргууд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Эрдэнэт үйлдвэрийн 45-р спартакиад зуны спортын 14 төрлөөр амжилттай болж өндөрлөлөө.
Үйлдвэрийн газрын 31 бүтцийн нэгжийн 18 багийн, давхардсан тоогоор 2100 гаруй тамирчин, 388 багц медалийн төлөө хурд, хүч, авхаалж, самбаагаа сорин өрсөлдсөн юм. Үүнээс М.Отгон даргатай, Б.Нямдэлгэр арга зүйчтэй, Эрдэнэт үйлдвэрийн спартакиадын 32 удаагийн аварга Баяжуулах үйлдвэрийн баг тамирчид 44 оноогоор ялалт байгуулж, шилжин явах “Алтан цом”-оо үргэлжлүүлэн хадгалахаар боллоо.
45-р спартакиадын нийлбэр дүнгээр дэд байрт Засвар, механикийн завод, гутгаар байрт Авто тээврийн цехийн баг тамирчид шалгарч, спортлог хамт олон болохоо дахин батлав.
Эрдэнэт үйлдвэрийн 45-р спартакиадын хаалтын үйл ажиллагааны өмнө волейбол, сагсан бөмбөгийн шувтаргын гал гарсан тоглолтууд болж, ойрхон зөрүүтэй оноогоор аваргууд тодорсон юм. Волейболын тэмцээний эрэгтэйчүүдээс У.Эрдэнэ-Очир ахлагчтай Баяжуулах үйлдвэрийн баг тамирчид аваргын алтан медаль хүртсэн бол Г.Гантулга ахлагчтай Засвар, механикийн заводын баг мөнгө, Д.Өлзийбат ахлагчтай Цахилгаан цех, Ган бөөрөнцгийн цех, СААЖЦ-ын хамтарсан баг хүрэл медаль хүртлээ. Харин эмэгтэйчүүдээс тэргүүн байрт Б.Эрдэнэчимэг ахлагчтай баяжуулагчдын баг шалгарч, А.Анхзаяа ахлагчтай Засвар, механикийн завод, Д.Уранчимэг ахлагчтай Чанарын хяналтын хэлтэс, “Эрдэнэт” сувиллын цогцолборын хамтарсан багийнхан удааллаа.
Харин залуусын эв нэгдэл, техник ур чадвар, хурд хүчийг бүрэн шалгадаг сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэйчүүдээс Ч.Чинхүсэл ахлагчтай Дулааны цахилгаан станцын баг тамирчид аваргын алтан медаль хүртсэн бол Г.Гантулга ахлагчтай Засвар, механикин завод мөнгө, Ч.Эрдэнэбулган ахлагчтай Цахилгаан цех, Ил уурхай, 19-р сургуулийн хамтарсан багийн тамирчид хүрэл медалийн тавцанд зогсов.
Эмэгтэйчүүдээс П.Бямбасүрэн ахлагчтай Баяжуулагч бүсгүйчүүд алтан медалиар энгэрээ гоёсон бол Б.Батням ахлагчтай Онцгой байдал, Хойд бүсийн хавдрын эмчилгээ, оношилгооны дэд төвийн хамтарсан баг мөнгөн медаль, Б.Үнэнсэтгэл ахлагчтай Авто тээврийн цехийн баг тамирчид хүрэл медалийн эзэд боллоо.



Улаанбаатар