Алдарт бөх З.Ойдов Дорноговийн тамирчдад зөвлөгөө өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-03-20 17:17:25

Дорноговь /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга, олимпийн мөнгөн медальт Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Зэвэгийн Ойдов Дорноговь аймагт зочиллоо.

Алдарт бөх Ойдов гуайг түүний шавь Дэлгэрэх сумын сургуулийн захирал М.Ганбаатар төрсөн нутагтаа урьж чөлөөт бөхийн спортын тухай багш сурагчдын дунд “Амжилтын үндэс” уулзалт ярилцлага, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан бөхийн бэсрэг барилдаан зохион байгуулжээ.

М.Ганбаатар “Оюутан байхдаа Ойдов багшийн удирдлага дор одоогийн улсын арслан Д.Ганхуяг, улсын гарьд Д.Рагчаа, улсын заан Ц.Магалжав, улсын заан Б.Сайнбаяр болон миний бие гээд олон залуус сонгомол бөхийн шигшээ багт бэлтгэл хийдэг байсан. Багш руугаа залгаж төрсөн нутагтаа ирэхийг урихад галт тэргэнд суугаад хүрээд ирсэн.

Сумын сургуулийнхаа хүүхдүүд, аймгийн Биеийн тамир спортын газрын бөхийн дугуйлангийн хүүхдүүдэд их спортын талаар яриа өрнүүлж, тамирчин хүний амжилтын үндэс юу байдаг талаар заавар, зөвлөгөө өгсөн.

Мөн Ойдов мэхийнхээ талаар дэлгэрэнгүй ярьсан. Бас орон нутгаас бөх төрүүлэх их спортын амт шимтэд оруулах зорилгоор багштайгаа хамт ирээдүйд бөх болох боломжтой хоёр хүүхдийг сонгож уулзаж ярилцсан. Өчүүхэн шавийнхаа хүсэлтээр Улаанбаатараас галт тэргэнд суугаад давхиад ирэхэд нь их баярласан” гэв.

Багш шавь хоёр дараагийн удаа дахин уулзаж Дорноговиос шилдэг бөх төрүүлэх талаар ажиллахаар ярилцжээ. Ойдов гуай идэр залуу тамирчид, дасгалжуулагч нартай уулзахдаа амжилтын үндэс бол эхлээд арга барилаа олох, өөрөөр хэлбэл тухайн тамирчин хэрхэн ямар арга барилаар барилдвал өөрт ашигтай амжилт гаргах боломжтойг судлах, дараа нь цагийг сайтар  ашиглаж сурахыг залуу тамирчдад зөвлөсөн байна.

Дэлхийн бөхийн холбоо буюу FILA-гаас батламжилсан алдарт “Ойдов” мэхийнхээ талаар тэрээр 1974 онд Болгарын Севильеев хотод болсон Дан Коловын нэрэмжит тэмцээнд Ираны бөх Карма Шахтай дөрвийн даваанд барилдлаа.

Тэр бөх айхтар өмсөнө, солгой гартаа өмсөнө. Сиймхий л гарвал өмсчих гээд болдоггүй. Толгойг нь дараад суйлж унагах энэ мэх манай нутагт адууг “Гацаа” хийгээд унагадагтай ойролцоо санагдаж зурсхийгээд л толгойд орлоо.

Гэвч тэр барилдаан дээр энэ мэхийг хийж чадсангүй. Үүнээс хойш нутагтаа ирж олон удаа давтан хийж дараа дараагийн барилдаануудад туршиж үзсэнээр “Ойдов” мэх төрсөн гэж ярьжээ.

Тэрээр 1974 оны Станбулын дэлхийн аварга, 1975 оны Минскийн дэлхийн аварга, 1976 оны Монреалийн олимпийн наадмын мөнгөн медаль, 1977 оны Лозаннагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль хүртсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, улсын манлай тамирчин, домогт бөх юм. 

Алдарт бөхийг Дорноговьд ирэхэд аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин хүлээн авч уулзжээ. Мөн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ч.Байгалтуяа, БСУГ-ын дарга Ч.Отгонбаяр, БТСГ-ын дарга Г.Батлхам нартай уулзаж спортын хөгжил дэвшлийн талаар ярилцсан аж.

Тэрээр аймгийн орон нутгийг судлах музейгээр зочилсноос гадна Дэлгэрэх сумын байгалийн гайхамшиг Цонжийн чулууг үзэж сонирхжээ.

Ойдов гуай Дорноговьд ирээд буцсан сэтгэгдэлдээ Сайншанд, Дэлгэрэх гэдэг хоёр сумаар орлоо. Хоггүй бас утаагүй хөгжин дэвжиж байгаа сайхан нутаг байна хэмээн ярьжээ. 

Холбоотой мэдээ