Оюуны спортын тамирчид үнэмлэхүй амжилт гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2019-03-25 11:35:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн оюуны спортын холбоо /WISF/-ны зохион байгуулсан Цээж бодлогын олон улсын тэмцээнд оролцсон Монголын Оюун ухааны академийн тамирчид үнэмлэхүй ялалт байгуулжээ.


Тус тэмцээн Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо  энэ амралтын өдрүүд буюу 3 дугаар сарын 23, 24-нд болж 7 улсын 360 тамирчин таван насны ангилалд өрсөлдсөн байна.

Монголын Оюун ухааны академийн мэдээлснээр, дээрх тэмцээнд Монголын Оюун ухааны академи болон академийн харьяа Язгуур бага сургуулийн 4 тамирчин гурван насны ангилалд нь түрүүлж цом, алтан медаль, нэг тамирчин мөнгөн медаль хүртжээ.

Хамгийн бага насны ангилалд З.Сийлэн тэмцээний аварга болж М.Гэгээн-Оюун удаах байрт орсон бол, 9-10 насны ангилалд өрсөлдсөн Д.Хүслэн, 11-12 насны ангилалд Г.Лхагва-Очир нар цом, алтан медаль хүртсэн байна. Мөн 360 тамирчныг манлайлан "Absolute Champion” буюу "Үнэмлэхүй аварга" -аар 10 настай Д.Хүслэн шалгарчээ.

Тэмцээний даалгаврыг хамгийн богино хугацаанд хийж гүйцэтгэн үзэгчдийн талархлыг хүлээсэн тамирчнаар 6 настай З.Сийлэн тодров. Тэрээр 0.1 секундын давтамжтай дэлгэцэнд анивчсан тоонуудын нэмэх үйлдлийг ганц ч алдаагүй бодсон байна.


Дашрамд дурдахад, Монголын Оюун ухааны академийн тамирчид Америк, Англи, Герман, Энэтхэг, Хятад, Швед, Турк, Сингапур, Япон, Солонгос зэрэг олон улсад болсон оюуны спортын ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлагын төрлөөр 52 дахь тэмцээндээ амжилттай оролцож, медалийн тоогоо 871 болгон тус салбартаа дэлхийд тэргүүлж байгаа аж.

Холбоотой мэдээ