“Ulaanbaatar art week” үзэсгэлэнг дүрслэх урлагийн баярын чуулбар болгон зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-04-26 13:16:58

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын Яам, Монголын Урчуудын Эвлэлийн хамтран зохион байгуулдаг Ulaanbaatar art week-2024” үзэсгэлэн тавдугаар сарын 4-11-нд болно. Энэ тухай өнөөдөр МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.


Улаанбаатар хотод орчин цагийн уран бүтээлчдийн бүтээлийг олон нийтэд таниулах, сурталчлах, уран бүтээлчдийн чадварт суурилсан инновацын шинэчлэлийг бий болгоход чиглэсэн тус үзэсгэлэнг 2021 оноос дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна.


Ulaanbaatar art week” бол их хотын залуус, урлагт хайртай хэн бүхний хүсэн хүлээдэг үйл ажиллагаа болсныг куратор Б.Цэцэгбадам тодотгоод, дэлхийн томоохон хотууд “Art week зохион байгуулдаг олон улсын жишгээр нийслэл хотод долоо хоногийн турш сонирхолтой үйл ажиллагаагаар дүүрэн дүрслэх урлагийн баярын чуулбар болгон зохион байгуулна гэдгийг огцоллоо.

Энэ удаа үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музей, МУЭ-ийн Арт галерей, МУЭ-ийн хуучнаар Монументаль чимэглэлийн үйлдвэр байсан Пассаж төв, МУЭ-ийн Уран бүтээлчдийн нэгдсэн урлан зэрэг нийт дөрвөн обьектын 3000 ам дөрвөлжин метр талбайд зохион байгуулах юм.


Үзэсгэлэнгийн ерөнхий куратор Б.Бат-Эрдэнэ, “Өнгөрсөн жилийн үзэсгэлэнд Мишээл экспо төвийн 2000 ам дөрвөлжин метр талбай буюу том хэмжээний орон зайд дүрслэх урлагийн салбарын 300 орчим уран бүтээлч оролцож байсан бол энэ удаа уран бүтээлчдийн нэгдсэн урланд “Art Fair  зохион байгуулж буйгаараа онцлог юм. Энэ үеэр үзэгчид уран бүтээлчийн урлангаар зочлох, уран бүтээлтэй нь танилцах, мэргэжлийн зураачтай ярилцах, керамик мастер класс үзэх боломжтой. Мөн хөрөг, шог зураг, сийлбэр, баримал гэхчлэн дүрслэх урлагийн бүхий л төрлөөр олон үйл ажиллагаа болно. Тиймээс иргэдийг долоо хоногийн турш нийслэлд шинэ өнгө төрх нэмсэн дүрслэх урлагийн өдрүүдэд идэвхтэй оролцохыг урьж байна” гэв.



Энэ удаагийн “Ulaanbaatar art week-2024” үзэсгэлэнгийн үеэр МУУГЗ М.Бүтэмжийн эскизээр МУЭ-ийн 20 гаруй үйлчин, зээгт наамалчдын урласан 12х5 метр “Чингис хаан” зээгт наамлыг Чингис хаан Үндэсний музейд анх удаа бүрэн эхээр нь, бүтэн дэглэн харуулах юм.



“Уран бүтээлчдийн нэгдсэн урланд болох “Art Fair”-т МУЭ-ийн гишүүн 130 гаруй зураачаас гадна 21 аймгаас уран бүтээлчид, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 10 гаруй галерей оролцоно. Энэ үеэр уран зургийн үзэсгэлэн худалдаа, бүтээл төрж буй агшин, уран бүтээлчидтэй танилцах үйл ажиллагаа явагдах бол “Art week” үзэсгэлэнгээс өнөө цагийн манай дүрслэх урлагийн салбарын цар хүрээ, чиг хандлагыг харах боломжтой аж.


Ташрамд дурдахад, өнгөрсөн жил “Ulaanbaatar art week” үзэсгэлэнгээр 20 мянга гаруй үзэгч зочилж, цахим хуудсаар 2 сая гаруй хандалт авсан байна.



Холбоотой мэдээ