ТӨВ: “Цагаан сарнай” бүжгийн спортын тэмцээнд 310 хүүхэд оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-04-26 17:15:33

Зуунмод, 2024 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Бүжгийн спортын аймгийн аварга шалгаруулах “Цагаан сарнай-2024” тэмцээн өнөөдөр Биеийн тамир спортын газарт болж байна. Тус тэмцээнийг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд 12 сумын 14 баг, клубийн 310 хүүхэд оролцож байгаа юм.

 


Тэмцээнийг 6 насны ангиллаар хос ба соло формейшн, хосын төрлүүдэд өрсөлдөж байна.Тэмцээнийг Монголын бүжгийн спортын холбооны шүүгчдийн бүрэлдэхүүн шүүж байгаа бөгөөд дүнг Скейтинг систем компьютерийн программаар тооцоолж байгаа юм.

 

Тэмцээний талаар Төв аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэгээс тодруулахад, “Энэ тэмцээн нь хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрын хөгжлийг дэмждэг. Жил бүр хүүхэд, багш нарын хүсэн хүлээдэг тэмцээн болж байгаад их баяртай байна” гэв.




Төв аймгийн Баянхангай сумын оролцогч О.Амина, “Өмнө жилд оролцохдоо аяаа мэдрэх, сонсох тал дээр дутмаг байсан. Энэ жил хичээж байгаад түрүүлнэ гэж бодож байна” гэсэн юм.  


Хүмүүн цогцолбор сургуулийн сурагч А.Бадмаараг: “Гурав дахь жилдээ оролцож байна. Оролцогчид жил ирэх тусам маш их сайжирч байгаа учраас бэлтгэлээ илүү их сайжруулах ёстой юм байна гэж харж байна” гэв.


Хүүхэд, өсвөр үе, залуучуудад бүжгийн спортоор дамжуулан гоо зүйн боловсрол олгох, өв тэгш бие бялдартай хүн болгон төлөвшүүлэх зорилготой уг тэмцээнийг 2019 оноос хойш уламжлал болон зохион байгуулж байна.  


 

Холбоотой мэдээ