Засгийн газар 2045 он хүртэлх Монгол Улсын хөгжлийг бодлогыг боловсруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-03-28 19:10:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ, Үндэсний хөгжлийн газар хамтран өнөөдөр “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн үнэлгээ, цаашид авах арга хэмжээ” нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав.


Улсын хэмжээнд бүтээн байгуулалт өрнүүлж, хот төлөвлөлт, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, авто замын сүлжээг олон улсын жишигт хүргэх, иргэдийг орон сууц, ажлын байраар хангах зорилго бүхий “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг УИХ 2010 онд баталсан. Хөтөлбөрт тусгасан Улаанбаатар хотыг 21 аймгийн төвтэй хатуу хучилттай авто замаар холбох, 100 мянган айлын орон сууц барих зэрэг төсөл амжилттай хэрэгжиж байгаа юм. Гэхдээ агаар хөрсний бохирдлыг бууруулах, эрчим хүчний 5 дахь эх үүсвэр байгуулах зэрэг зорилт хэрэгжээгүй гэдгийг “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрт үнэлгээ хийж, Засгийн газарт чиглэл өгөх Ажлын багийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэллээ. Мөн тэрбээр Засгийн газар гэр хорооллын айл өрхүүд газраа барьцаалан орон сууцтай болох боломжийг бүрдүүлэх, ногоон байгууламжийг нэмэх, Улаанбаатар хотоос алслагдсан, аймгуудыг хөгжүүлэх төсөл боловсруулах шаардлагатай байгааг онцолсон юм.


Засгийн газраас Монгол Улсын хөгжлийн бодлогыг урт хугацаанд буюу 2045 он хүртэл, богино хугацаанд таван жилээр боловсруулдаг байхаар шийдвэрлэсэн юм. Энэ хүрээнд Үндэсний хөгжлийн газар, холбогдох яамд, эрдэмтэн, судлаачид, ЗГХЭГ-ын даргын орон тооны бус зөвлөхүүдээс бүрдсэн томоохон ажлын баг байгуулан ажиллаж байгаа юм.


Энэ талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ,”Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Засгийн газар, яам, агентлагууд урт, богино хугацааны хөгжлийн хөтөлбөр, бодлогын баримт бичиг нэртэй 517 хөтөлбөр боловсруулсан байна. Үүнээс 132 нь хэрэгжиж, бусад нь цаасан дээр үлдсэн. Үүний гол шалтгаан нь хөгжлийн бодлогууд уялдаа холбоогүй, тооцоо судалгаагүй байдагтай холбоотой. Мөн Засгийн эрхийг авсан улс төрийн хүчин өмнөх бодлогыг үгүйсгэдэгтэй холбоотой юм. Тиймээс Засгийн газар замбараагүй төсөл, баримт бичгийг нэгтгэнэ” гэлээ.

Холбоотой мэдээ