УИХ-ын дарга Г.Занданшатар Элчин сайд Жон Жэ Намыг хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-03-28 19:22:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.03.28) Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Намыг хүлээн авч уулзлаа.


Ноён Жон Жэ Нам БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёны Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болсныг дурдсан. Айлчлалын хүрээнд болсон уулзалтуудын үеэр хоёр улсын харилцааны талаар олон чухал яриа өрнүүлсэн бөгөөд энэ нь цаашдын харилцааг эрчимжүүлэх гол түлхүүр болно хэмээн найдаж буйгаа Элчин сайд хэлээд БНСУ-ын  Үндэсний Ассамблейн дарга Мүн Хи Саны захидлыг уламжлав. Тэрбээр, "БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргыг Монгол Улсад айлчлахыг хэдэнтээ урьж байсан бөгөөд энэ удаад мөн урилгыг хариу захидлын хамт хүргүүлбэл айлчлалыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, хичээн ажиллах болно" гэлээ. Мөн тэрбээр УИХ-ын даргад Чэжү аралд болох Олон улсын энх тайвны форумын урилгыг уламжлав. Энэ оны 05 дугаар сарын 26-31-нд болох тус форумд олон улс орны төрийн тэргүүн, парламентын дарга, Засгийн газрын тэргүүн оролцох юм.


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар урилгыг талархан хүлээн авч буйгаа илэрхийлээд, Олон улсын энх тайвны форумд оролцох асуудлыг судалж, нааштай шийдвэрлэх болно гэлээ. 


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргын баяр хүргэсэн мэндчилгээний хариуд халуун талархал илэрхийлж буйг нь уламжлахыг ноён Элчин сайдаас хүсэв. БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлал хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах, итгэлцэл, ойлголцлолыг төрүүлсэн, эдийн засаг, хөрөнгө оруулалт тэргүүтэй бүх салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжүүлэх стратегийн түншлэлийн түвшинд хүргэхэд чухал хувь нэмэр оруулсан айлчлал болсныг цохон тэмдэглэлээ.


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, "Миний бие Сөүлийн Үндэсний Их Сургууль тэргүүтэй тус улсын нэр хүндтэй их сургуулиудад Стэнфордын Их Сургуулийн эрдэмтэн судлаачидтай хамтран Зөвлөлдөх ардчилал-Зөвлөлдөх санал асуулгын тухай лекц унших завшаан тохиож байсан. БНСУ-ын Засгийн газраас хэрэгжүүлэн иргэдээсээ ихээхэн талархал, дэмжлэг хүлээгээд буй “Иргэн та эрх баригч” хөтөлбөртэй танилцаж, туршлага судлах сонирхолтой байгаа. Энэ нь хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. УИХ-аас Нийгэмд шударга ёсыг тогтоох зорилгоор Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Энэ нь ард түмний төр засагт, шүүх хуулийн байгууллагад итгэх итгэлийг сэргээхэд чиглэсэн алхам байв. Монгол Улсын ардчиллын гол дайсан бол авилгал, шударга бус байдал юм. Хүний эрхийг хамгаалж, дээдлэх нь ардчиллын гол үнэт зүйл байдаг. Тиймээс хүний эрхийг ноцтойгоор зөрчдөг, авилгал хээл хахуулийн асуудлаас үүдэн иргэдийн шүүх, хуулийн байгууллагад итгэх итгэл илт суларсан өнөөгийн нөхцөл байдал нь Монгол Улсын залуу ардчиллын эмзэг цэг, гол дайсан нь болоод байгаа хэмээн бид үзэж байгаа. Тиймээс иргэн бүрийн эрх, эрх чөлөөг хангах, Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн амлалт, үүргээ биелүүлэх зорилгоор шүүх, хуулийн байгууллагын хариуцлага, сахилга батыг чангатган, ил тод байдлыг хангахаар хичээж, эрмэлзэн дээрх хуулиудыг баталсан. Эрх зүйн өөрчлөлтийн зорилго, ач холбогдлын талаар Монгол Улсын Гадаад харилцааны яам Элчин сайдын яамдад бодит мэдээллийг дэлгэрэнгүйгээр хүргэж ажиллах болно” гэв. 


Хүний эрхийг хамгаалах, хангах, улмаар авилга хээл хахуулийн эсрэг Монгол Улсын хууль тогтоох байгууллага хууль эрх зүйн шинэчлэл хийж буйг дэмжиж байгааг Элчин сайд Жон Жэ Нам илэрхийлсэн юм. Монголын парламентын уг шийдвэр өнөөгийн байдлаар тодорхой бэрхшээл, хүндрэлтэй тулгарч байгаа ч гэсэн урт хугацаандаа стратегийн хувьд ач холбогдол бүхий зөв чиглэл хэмээн үзэж байгаа гэв. Тэрбээр, "БНСУ, Монгол Улс тогтолцооны хувьд адил төстэйг тэрбээр онцолсон. БНСУ энэ замаар замнаад хэдий 70 жил болж байгаа ч одоо хэр нь бэрхшээл, хүндрэл тулгардаг. Монгол Улсын ардчилсан тогтолцоо 30 жилийн түүхтэй, өнөөдрийг хүртэл тогтвортойгоор хичээн ажиллаж байгааг хараад бахархаж явдаг" гэлээ.


Уулзалтаар үргэлжлүүлэн хоёр орны иргэдийн харилцан зорчих визний нөхцөлийг хөнгөвчлөх, улмаар визгүй зорчих боломжийн талаар ярилцаж санал солилцсон юм. Ноён Жон Жэ Нам Элчин сайдын хувиар энэ асуудлаар ихээхэн санаачилгатай, дэмжин ажилладаг болохоо илэрхийллээ. Гэсэн хэдий ч уг асуудлыг хоёр талаасаа нэлээд нухацтай, үр дагаврыг тооцож судлах шаардлага бий гэдгийг хэлж байв. БНСУ хэдэн жилийн өмнө Тайланд Улстай иргэдийг визгүй зорчуулах хэлэлцээр байгуулсан байна. Үүний үр дүнд олон зуун мянган тайландчууд БНСУ-д аж төрж, ажил хөдөлмөр эрхлэн суурьшжээ. Үүний нөгөө талд асар их хэмжээний ажиллах хүчээ алдсан Тайланд Улсад нийгэм, эдийн засгийн ихээхэн хүндрэл учирсан талаар тус улсын Засгийн газраас илэрхийлж байсан гэлээ. Энэ туршлагыг Монгол Улс болон БНСУ судалж, холбогдох шийдвэр гаргахдаа анхаарах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа Элчин сайд илэрхийлсэн. БНСУ-ын зүгээс Монгол Улсын иргэдэд олон удаа зорчих визийг 10 дахин нэмэгдүүлжээ. Үүний үр дүнд тодорхой мэргэжлийн хүмүүс болон орлогоо хангалттай нотолж чадсан 200.000 гаруй монгол иргэн 3-5 жилийн хугацаанд БНСУ-д чөлөөтэй зорчих боломж бүрдсэн байна. Харин Монгол Улсад олон удаа зорчих эрх бүхий визтэй солонгос иргэдийн тоо ердөө 1000 орчим байгааг энэ дашрамд хэлж байсан. 


Уулзалтын үеэр талууд Урал-Алтай язгуурын хэлний судалгааны ажлыг дэмжих, үүнд талууд онцгой ач холбогдол өгч эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг тогтмол зохион байгуулах чиглэлээр санаачилгатай ажиллах талаар харилцан санал солилцлоо. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтын төгсгөлд Элчин сайд Жон Жэ Намыг бүхий л талаар дэмжиж, нягт хамтран ажиллах болно. БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд яригдсан ажлуудыг ажил хэрэг болгох чиглэлээр шууд хандаж болно гээд ажилд нь амжилт хүслээ.

Холбоотой мэдээ