Хүүхэд багачуудын оролцоог дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-04-04 10:16:30

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн  Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, Дэлхийн Зөн олон улсын байгууллагатай хамтран 2019 оны хичээлийн жилд “Оролцоод хөгжье” хөтөлбөрийг Төв аймгийн ерөнхий боловсролын сургуулиудыг хамруулан хэрэгжүүлж эхлээд байна.

Хөтөлбөрийн зорилго нь сурагчдад өөрөө оролцоод хөгжих боломжийг олгож, өөрийгөө болон бусдыг танин мэдэх түүнийгээ илэрхийлэх, өөртөө итгэлтэй болох, зорилгоо тодорхойлж сурах, эерэг, сөрөг харилцааг хүлээж авах чадварт сургах, амьдралын төлөвшил суулгахад чиглэж байгаа ажээ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Мөнгөнморьт сумын сургуулийн 6-9 дүгээр ангийн 34 сурагчийг сонгон авч клубын гишүүнээр элсүүлжээ. Тус клубын сургагч багшаар Б.Мандах, сургуулийн нийгмийн ажилтан Ц.Хандсүрэн нар ажиллаж байгаа аж. Клубт хамарсан сурагчид 7 хоногт 2 удаа, 80 минутаар хичээллэдэг байна.

“Оролцоод хөгжье” хөтөлбөрт хамрагдсанаар сурагчид хэрхэн өөртөө итгэлтэй болох, өөрийгөө нээн илэрхийлж сурах, охид, хөвгүүдийн бие биедээ хандах эерэг хандлагад суралцах, зорилгоо тодорхойлж сурахад суралцаж байна

Тус клубын хичээлийн хөтөлбөр багаар ажиллах чадваруудыг сурагчдад эзэмшүүлэхээс гадна өөрийгөө болон бусдыг танин мэдэх, хамтран ажиллахын ач холбогдол, удирдах, удирдуулахын ашиг тус, зөв амьдрах дадалд сургах зорилгыг агуулж байгаа гэнэ.

“Оролцоод хөгжье” хөтөлбөрт хамарсан сурагчид харилцан санал бодлоо солилцох, асуулт тавих, зорилгоо тодорхойлох зэрэг чадваруудыг тодорхой хэмжээгээр эзэмшиж байгаа нь хичээлийн явцад ажиглагдаж байна хэмээн сургагч багш Б. Мандах ярилаа.

Мөн багш, хамт олон, найз нөхөд, гэр бүлийн гишүүдтэйгээ харилцах хандлагад эерэг өөрчлөлтүүд гарсан байна. Тиймээс “Оролцоод хөгжье” клубын үйл ажиллагааг эрчимжүүлэх, хувь хүн дээр гарсан өөрчлөлтийг нь тогтмол идэвхжүүлэх, тавьсан зорилгоо биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх шаардлагатай хэмээн сургуулийн нийгмийн ажилтан Ц.Хандсүрэн мэдээллээ.          

Холбоотой мэдээ