Био дизель болон бээлийний үйлдвэрт 100 сая төгрөгийн санхүүжилт олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-04-04 19:38:00
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ “Эрдэнэт ШУТП” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /ОНӨААТҮГ/ “Гарааны үйлдвэрлэл 2019” төслийн уралдаанаа дүгнэлээ. Тус парк 2018 онд гагнуурын электрод үйлдвэрлэж 140 сая төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд үүнийг өрхийн болон бичил бизнес, хамтарсан үйлдвэр байгуулахад санхүүгийн дэмжлэг олгох зорилгоор төслийн уралдаанаа зарласан юм.

Үүнд бичил болон өрхийн үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой 70 гаруй  төслөөс 19 төсөлд хоёр сая төгрөг буюу нийт 38 сая, хамтарсан үйлдвэр байгуулах 10 гаруй төслөөс хоёр төсөлд нийт 100 сая төгрөг олгохоор болов. Тодруулбал, хоёр сая төгрөгийг хүүгүй, барьцаагүй олгож 18 сарын дараа 100 хувь эргэн төлөх бол хамтарсан үйлдвэр нь төсөл санаачлагчаас 51 хувь, “Эрдэнэт ШУТП”-аас 49 хувийг нь эзэмшихээр тус бүр 50 сая төгрөг олгож байгаа юм. Хамтарсан үйлдвэрт, био дизель болон авто машины моторын хөргөлтийн шингэн үйлдвэрлэх, бээлийний үйлдвэрийн төсөл шалгарлаа.

Био дизель, авто машины моторын хөргөлтийн шингэнийг хүнсний хаягдал өөхөн тосыг боловсруулж гаргаж авах гэнэ. Уг төслийг хэрэгжүүлэхэд 137.5 сая төгрөг зарцуулахаас 49 хувийг “Эрдэнэт ШУТП” санхүүжүүлж байгаа юм. Үлдсэнийг нь төсөл санаачлагч гаргана. Био дизелийн үйлдвэр нь жилд 112 тонн био дизель,14 тонн хөргөлтийн шингэн үйлдвэрлэх хүчин чадалтай ажээ. Ажлын бээлийний үйлдвэр байгуулах өөрийн өртөг нь 110 сая төгрөг бөгөөд жилд 555 мянга орчим хос бээлий үйлдвэрлэж, 55 сая төгрөгийн цэвэр ашиг олно гэж тооцоолжээ. Мөн есөн ажлын байр шинээр бий болох юм.    

Аймгийн Засаг дарга Д.Батлут 2016 онд үүрэгт ажилдаа томилогдсон даруйдаа “Эрдэмтдийн зөвлөл”-ийг байгуулж, 2017 онд “Эрдэнэт ШУТП” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагааг эхлүүлсэн. Тус паркын гагнуурын электродын үйлдвэр 2018 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн хэрэгцээг 100 хувь хангаж олсон ашгаа ийнхүү үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд хүүгүй барьцаагүй зээл, хөрөнгө оруулалт хэлбэрээр олголоо.

 

 

 

 

 

Холбоотой мэдээ