“Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг ирэх сард хийх шийдвэр гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-04-08 20:52:53
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайдын Дундговь аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Дундговь аймгийн төвд энэ сард зохион байгуулахаар төлөвлөж байсан “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг ирэх 5 дугаар сарын 1, 2-ны өдөр зохион байгуулах шийдвэр гарч, бэлтгэл ажлууд хийж байна. 

“Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийн бэлтгэл ажлын хүрээнд аймгийн Засаг даргын баталсан хуваарийн дагуу гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын жагсаалын нэгдсэн бэлтгэлийг зохион байгуулжээ.

Мөн Онцгой комиссын гишүүдийн хээрийн үүргэвчийг жигдрүүлж, гамшгаас хамгаалах албадын шийдвэрийн зурган дээр хэрхэн ажиллах талаар мэргэжил арга зүйн заавар зөвлөмж өгсөн аж.

ОБГ-ын мэдээлж байгаагаар команд штабын бэлтгэл сургуулилттай холбоотой хөрөнгийн асуудлыг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс бүрдүүлж, мөн Засаг даргын захирамжаар тус үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийг томилсон байна.

Тус шийдвэрээр 13 мэргэжлийн алба, тусгай зориулалтын 14 мэргэжлийн ангийг мөн томилж, тэдгээрийг сургаж дадлагажуулах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа ажээ.

“Энэхүү команд штабын сургуулийг зохион байгуулснаар болзошгүй аюул гамшгийн үед өөрийн болоод бусдын амь насыг аврах, багаар ажиллах, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах мэргэжлийн ур чадварыг эзэмших ёстой. Команд штабын сургууль гэдэг нэг байгууллагын ажил биш, хувь хүний ажил биш, тийм учраас томилогдсон, оролцож байгаа аж ахуйн нэгж байгууллагууд алба хаагчдаа бүрэн хамруулахыг анхаарах хэрэгтэй” хэмээн ОБГ-ын орлогч дарга Ж.Оюунтамир мэдэгдлээ.

Холбоотой мэдээ