Дундговь аймгийн музей нэн эртний хүрэл зэвсгийн үеийн хамгийн олон олдвортой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-05-08 22:11:50
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн музей нэн эртний хүрэл зэвсгийн үе, Их Монгол Улс, аймаг байгуулагдсан түүх, дуу хуур, аймгийн алдартан, мал аж ахуй, монголын уламжлалт тоглоом, угсаатны зүй, Зава Дамдин, ан амьтан, ашигт малтмалын үзмэрийн танхимуудтай  аж.

Тус музейд урлаг уран сайхны 187, угсаатны зүйн холбогдолтой 1041, шашны 1108, археологийн 1247, байгалийн 425, палентологийн 52, түүхийн холбогдолтой 716 үзмэр тус тус хадгалагдаж байна.

Дундговь аймгийн музейн ялгарах гол онцлог нь хүрлийн үзмэрээр баялаг. Тус музейд МЭӨ III мянганаас VIII зуунд хамаарагдах хүн төрөлхтний түүхийн чухал үеийг харуулсан 800 орчим хүрлийн олдвор байдаг.

Хүрлийн цуглуулгад амьтны загварт хүрэл, унжлага, хүрэл сум, хүрэл хутга, олом, арал, ахуйн хэрэглээний хүрэл эдлэл хадгалагдаж байна.

Мөн Боржгон цэцэн вангийн хошууны Гомбосүрэн ноёны хэрэглэж байсан зааны ясан мөнгөн тоног бүхий хэт хутга, суман ширээ, 13 литрийн багтаамжтай эрээн гангар шаазан хул, түүх соёлын хосгүй үнэт зэрэглэлд орсон Тугалын бүлээний солир, төв халхын урчуудын урласан мөнгөн аяга, хэт хутга, эмээл, хазаар, эмэгтэй хүний гоёл чимэглэл, пийсүү толгойтой шүрэн хөөрөг, XV-XIX зууны үед хийсэн нарийн ур хийцтэй гуулин хөөмөл, цутгамал, шавар, зурмал бурхад, шашны болон эм тангийн судар бичгүүд, угсаатны зүйн ховор сонин үзмэр, гар урчуудын бүтээл, уран зураг, алдар, гавьяат түүхт хүмүүсийн эдэлж байсан эд зүйл, Их номч, түүхч, шашны тэргүүн Зава Дамдины эдэлж хэрэглэж байсан эд зүйлээс бүрдсэн гэр музей гээд 5000 орчим сонирхолтой үзмэрүүд тус музейд хадгалагддаг.

Тус аймгийн музейг 1949 онд байгуулсан. Энэ жил тохиож буй 70 жилийн ойгоор 150 гаруй үзмэрийн зураг, тайлбарыг багтаасан “Шилдэг үзмэр”-ийн каталогийг тав дахь удаагаа шинэчлэн гаргахаар бэлтгэж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ