Мексик анх удаа АНУ-ын худалдааны гол түнш болжээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-20 10:43:19

МЕХИКО. /РИА Новости/. Мексик болон АНУ-ын худалдааны эргэлт энэ оны 1-4 дүгээр сард 203 тэрбум ам.доллар давсан нь АНУ-ын Хятад, Канадтай хийж буй худалдаанаас давсан үзүүлэлт болсон гэж Мексикийн Эдийн засгийн яамны албан ёсны мэдээнд дурджээ.


Өнгөрсөн лхагва гарагт Мексикийн Сенатын танхим Мексик, АНУ, Канадын чөлөөт худалдааны шинэ хэлэлцээрийг олонхийн саналаар баталсан юм. Шинэ хэлэлцээрийг 114 сенатч дэмжсэн бол 4 нь эсэргүүцэж, 3 хүн түдгэлзсэн санал өгчээ.


“АНУ, Канадтай байгуулсан худалдааны шинэ хэлэлцээрийг баталснаар Мексикийн бараа бүтээгдэхүүний хувьд Хойд Америкийн хөдөө аж ахуйн зах зээл нээлттэй хэвээр үлдэж байна” хэмээн тус мэдэгдэлд дурджээ.  


Мексик, АНУ, Канадын чөлөөт худалдааны шинэ хэлэлцээрт гурван улсын удирдагч өнгөрсөн оны 11 дүгээр сард Буэнос-Айрес хотод болсон “Их-20”-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр гарын үсэг зурсан юм. НАФТА буюу Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээний оронд энэхүү шинэ хэлэлцээрийг байгуулсан. Шинэ хэлэлцээрийг гурван улсын парламент соёрхон батлах ёстой юм. 

Холбоотой мэдээ