"Нвидиа" зах зээлийн үнэлгээ нь 5 их наяд долларт хүрсэн анхны компани болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ 
                                                                    ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 31 /Kyodo/. Цахиурын хөндийн чип үйлдвэрлэгч “Nvidia” компанийн зах зээлийн үнэлгээ 4 их наяд ам.долларын босгыг давснаасаа хойш ердөө гурван сарын дараа 5 их наяд ам.долларт хүрчээ.
Тус компанийн зах зээлийн үнэлгээ ийнхүү шинэ босгыг давсан нь "Apple" компанийг үүсгэн байгуулагчдын нэг Стив Жобс 18 жилийн өмнө анхны "iPhone" гар утсыг танилцуулснаас хойш технологийн салбарт гарсан хамгийн том өөрчлөлт гэж үзэж байгаа хиймэл оюуны технологийн шилжилтийг улам тодотгож байна.
Гэсэн хэдий ч хиймэл оюуны зах зээлийн өсөлт тогтвортой байх эсэх талаар эргэлзээ гарч эхэлжээ. Английн Төв банкны шинжээчид энэ сарын эхэнд хиймэл оюуны “тэсрэлтээр” хөөрөгдсөн технологийн компаниудын хувьцааны ханш огцом унах эрсдэл нэмэгдэж буйг анхааруулсан байна. Олон улсын валютын сангийн тэргүүн мөн үүнтэй ижил анхааруулгыг өгсөн байна.
2023 оны эхнээс хойш "Nvidia" компанийн хувьцааны үнэ хурдтай өсөх болсон гол шалтгаан нь чипүүд нь асар их эрэлттэй байгаатай холбоотой. Лхагва гарагт тус компанийн нэгж хувьцааны үнэ арилжаа хаагдах мөчид 207.04 ам.долларт хүрч, нийт 24.3 тэрбум ширхэг хувьцаа арилжаалагдсан нь компанийн зах зээлийн үнэлгээг 5.03 их наяд ам.долларт хүргэсэн байна.
Олон улсын валютын сангийн мэдээллээр, "Nvidia"-гийн зах зээлийн үнэлгээ Энэтхэг, Япон болон Их Британийн Дотоодын нийт бүтээгдэхүүнээс (ДНБ) давсан байна.
"Nvidia" компани өөрийн график процессоруудыг (GPU) видео тоглоомд ашиглахаас эхлээд "ChatGPT" болон зураг үүсгэгч зэрэг хүчин чадал ихтэй хиймэл оюуны системүүдийг сургахад ашиглах хүртэл дасан зохицуулах чиглэлээр тэргүүлж байгаа юм. Хүмүүс хиймэл оюунд суурилсан чатботуудыг улам өргөнөөр ашиглаж эхэлснээр чипийн эрэлт огцом өссөн байна. Үүнтэй зэрэгцэн технологийн компаниуд ийм төрлийн системийг бүтээх, ажиллуулахын тулд илүү олон чип авахыг эрмэлзэх болжээ.
"Nvidia" компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг хэдэн жилийн өмнө зүгээр л “сонирхолтой” байсан дэвшилтэт хиймэл оюунд суурилсан чатботууд одоо үнэхээр ашигтай болж, ирээдүйд ашиг орлого авчрах боломжтой болсон хэмээн мэдэгдэж, хиймэл оюуны технологийн хэт хурдтай өсөлттэй холбоотой талаарх санаа зовнилыг багасгажээ.
Энэ долоо хоногт Женсен Хуанг Өмнөд Солонгосыг зорьж байгаа бөгөөд тэрбээр АНУ, Хятад, Япон зэрэг Номхон далайн бүсийн эдийн засгаар тэргүүлэгч орнуудын удирдагчид жил бүр цугладаг Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцох юм. Энэхүү уулзалт нь чөлөөт худалдааг дэмжиж ирсэн хэдий ч одоо АНУ-ын технологи болон бусад бүтээгдэхүүнд ногдуулсан өргөн цар хүрээтэй тарифтай тулгараад байгаа юм.
Мягмар гарагт Женсен Хуанг 500 тэрбум ам.долларын чипийн захиалга хийгдсэн тухай зарлажээ. Мөн тус компани "Uber"-тэй робот таксины салбарт, "Nokia" компанид 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, 6G технологийн хөгжүүлэхэд хамтран ажиллахаар болсноо мэдэгдсэн байна.
Үүнээс гадна, "Nvidia" АНУ-ын Эрчим хүчний яамтай хамтран хиймэл оюунд суурилсан 7 шинэ супер компьютер бүтээхээр ажиллаж байна.
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    