Морио түрүүлгэсэн уралдаанч хүүхэд бүрийг таван ханатай гэрээр шагнажээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-08-12 09:35:33

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн “Алтайн унага” морин спорт, уяачдын холбооноос “Шигшмэл хурд-2019” хурдан морины уралдааныг наймдугаар сарын  9-нөөс 10-нд Бөөр харын тал гэх газар зохион байгууллаа.

“Шигшмэл хурд-2019” уралдаан азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн зургаан насны ангиллаар явагдаж, 17 сумын уяачдын нийт 250 гаруй хурдан хүлэг уралдсан байна.

Хурдан морины уралдааны  дээд  гурван насны түрүү магнай морины эзэнд суудлын автомашин, доод  гурван насны түрүү магнай морины эзэнд  мотоцикл гардуулсан бөгөөд  дээрх зургаан  насны морьдыг  унаж  түрүүлсэн уралдаанч хүүхэд тус бүрт  таван  ханатай өргөө цагаан гэр гардуулав.   

Мөн уралдаанч хүүхдүүдийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж морьдоо айрагдуулсан 24 хүүхэд тус бүрт 100 мянган төгрөгийн шагнал олгожээ. 

Энэ удаа бүс, аймаг, сумын хурдан морины томоохон уралдаанд тогтмол амжилттай оролцон түрүүлж, айрагдсан шигшмэл  хурдан морьд  уралдсанаараа онцлогтой юм. 

Холбоотой мэдээ