“Brexit”-д бэлтгэлтэй байхыг уриалсан кампанит ажлыг эхлүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-09-02 14:09:09

ЛОНДОН. /BBC/. Их Британийн Засгийн газар “Brexit”-д /Их Британи Европын Холбооноос гарах үйл явц/ бэлтгэлтэй байхыг олон нийтэд уриалсан мэдээлэх кампанит ажлыг өнгөрсөн ням гарагт эхлүүлж, “gov.uk/brexit” цахим холбоосыг нээжээ.


Зарлалын самбар болон нийгмийн сүлжээний сурталчилгаануудыг ойрын өдрүүдэд байрлуулах бол телевизийн сурталчилгааг энэ сарын сүүлээр цацаж эхэлнэ.


Их Британийг Европын Холбооноос гэрээгүй гаргах асуудал хариуцсан төлөөлөгч Майкл Гоувын мэдээлснээр, ЕХ-ноос ирэх 10 дугаар сарын 31-нд гарахад олон нийтийг бэлтгэх зорилгоор уг зар сурталчилгаануудыг цацах ажээ.  


"Brexit" гэрээтэй эсвэл гэрээгүй байхаас үл хамааран ард иргэдэд урьдчилан таниулж, мэдээлэх зорилго бүхий кампанит ажил 100 сая еврогийн өртөгтэй хэмээн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд урьд нь мэдээлсэн байна.


Уг кампанит ажлын хүрээнд мэдээллийн хуудсуудыг тарааж, цахим семинарууд болон мэдээллийн арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн Европ руу аялахаар төлөвлөж буй хүмүүс болон ЕХ руу экспортолдог бизнесийн үйл ажиллагаануудыг хариуцдаг хүмүүсийг тусгай бүлэгт ангилжээ.


Кампанит ажлыг өрнүүлснээр иргэд болон бизнес эрхлэгчдийг цахим хуудсандаа зочлохыг уриалж, уг хэрэгслээр дамжуулан тэдний асуултуудад хариулж, “Brexit”-д бэлтгэх талаарх зөвлөгөөнүүдийг өгөх ажээ. 

Холбоотой мэдээ