Өвөрхангайн өсвөрийн найрагчид Хүрэл тулга наадамд амжилттай оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-13 12:41:11

Өсвөрийн яруу найрагчдын “Хүрэл тулга -2016” улсын уралдаанд Өвөрхангайн найрагчид амжилттай оролцож, ганзага дүүрэн ирлээ.

Монголын Хүүхдийн Ордон, Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль, Монголын Зохиолчдын Эвлэлээс хамтран 2 жилд 1 удаа зохион явуулдаг Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит өсвөрийн яруу найрагчдын “Хүрэл тулга-2016” улсын наадам 4 сарын 11-ний өдөр Монголын хүүхдийн ордонд болж өндөрлөсөн юм.

Хүүхэд багачуудыг үгийн баялаг сантай танилцуулж, санаж бодсоноо урнаар илэрхийлж сургах зорилготой уг наадам 6-9, 10-12 анги гэсэн насны ангиллаар явагдаж, ахлах насны ангилалд оролцсон өсвөрийн яруу найрагчдаас Өвөрхангай аймгийн Хархорин сумын 11а ангийн сурагч С.Долгорсүрэн тэргүүн байр эзэллээ. Мөн бага насны ангилалд Арвайхээр сумын 4 дүгээр сургуулийн 6-р ангийн сурагч Э.Манал тусгай байрт шалгаран ирээдүйн их найрагчид болохоо баталлаа.

Энэ нь нэг аймгаас анх удаа хоёр хүүхэд байр эзэлсэн гэх амжилтыг үзүүлсэн явдал бөгөөд шүүгчдийн зүгээс “Өвөрхангайд сонгодог яруу найраг хөгжиж байгаагийн илрэл” хэмээн үнэлсэн байна.

“Хүрэл тулга” наадамд манай аймгаас анх 1992 онд зохиолч, сэтгүүлч Б.Сарантуяа дэд байрт шалгарч байжээ.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ