Төрөлжүүлсэн цэргийн албыг бэхжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-10-31 17:34:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хуралдаанаас Зэвсэгт хүчний тухай хуулинд зарим нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн үзэж нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.


Хуулийн төсөлд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд байгаа барилга, инженерийн нэгжийг өргөжүүлэн бие даасан төрлийн цэргийн хэмжээнд бэхжүүлэх болон улс орны кибер орон зайг хамгаалах чиг үүрэг бүхий кибер цэрэг бий болгох эрхзүйн шинэ зохицуулалт оруулахаар төлөвлөж байна.


Мэргэжлийн байгууллагуудын гаргасан дүн мэдээнээс үзэхэд, манай улсад бусад орны дунджаас 8-15 дахин их кибер халдлага бүртгэгдээд байна. Орчин үед дэлхийн улс орнууд кибер аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдлынхаа нэг хэсэг болгон авч үзэж кибер орон зайгаа бодит орон зайн адилаар батлан хамгаалж хөгжүүлж байгаа. Монгол Улс үүний нэгэн адил өндөр ур чадвар бүхий бэлтгэгдсэн кибер цэрэгтэй болох зайлшгүй шаардлагатай юм.


Мөн Зэвсэгт хүчний бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр бие бүрэлдэхүүн техник хэрэгслийг улс орны бүтээн байгуулалтын ажилд оролцуулж буйтай холбогдуулан цаашид улс орны томоохон бүтээн байгуулалтуудад цэргийн албан хаагчдыг дайчлан оролцуулах үүднээс зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн дэх барилга инженерийн нэгжийг өргөжүүлж, төрөлжүүлэн төрлийн цэрэг байгуулах нь зүйтэй гэж үзлээ. Засгийн газрын ээлжит бус хуралдаан маргааш үргэлжилнэ

Холбоотой мэдээ