Түлэгдэлт нь бөөрний дутагдалд хүргэдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-04-20 22:31:31
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн БОЭТ-д түлэгдэж ирсэн иргэдийн 70 хувь нь 0-3 насныхан байна. Тэд ихэвчлэн халуун ус, цайнд түлэгддэг гэж Гэмтлийн тасгийн эрхлэгч ярилаа.

Хүний биеийн арьс нь мэдрэлийн эсүүдийн төгсгөл байдаг тул түлэгдсэн хүүхдүүд маш  их зовиурыг мэдэрдэг байна. Тэдэнд уураг нөхөх эмчилгээг нэг удаа хийхэд 150-200 мянган төгрөг зарцуулдаг аж. Хөнгөн зэргийн түлэгдэлтэй хүн уг эмчилгээнд 2-3 удаа ордог гэхээр хүнд зэргийн түлэгдэлтэд багагүй мөнгө зарцуулдаг байна. Мөн нэг удаагийн боолт эмчилгээнд 20-30 мянган төгрөг шаардлагатай болдог ажээ.

Түлэгдэлтээс үүдэж тухайн хүн бөөрний дутагдалд орох магадлалтай байдаг гэнэ. Энэ мэт түлэгдэлт нь эрүүл мэнд, гоо зүй талаасаа  асар их хохиролтой байдаг бол эдийн засгийн хувьд ч тухайн өрх, эрүүл мэндийн байгууллагад хүндрэл учруулдаг байна. Иймд иргэд ахуйн түлэгдэлтээс сэргийлж сонор сэрэмжтэй байхыг БОЭТ-ийн Гэмтлийн тасаг санууллаа.

Өнгөрсөн онд тус аймагт 66 иргэн ахуйн түлэгдэлтэд өртжээ. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 20 хүн ийм шалтгаанаар эмнэлэгт хандаад байна.

                                                                                                                     Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ