Их хэмжээний цас орж, цасан шуурга шуурна

Монголын мэдээ | Байгаль орчин
nandintsetseg@montsame.gov.mn
2020-02-20 11:37:19
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр их хэмжээний цас, маргааш зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.


Энэ сарын 21, 23-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 22-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21, 22-нд ихэнх нутгаар, 23-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.


21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч сулрах боловч бусад хугацаанд хүйтэрч Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

Холбоотой мэдээ