Махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх үүрэг чиглэл өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-03-11 14:13:09

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаан гуравдугаар сарын 11-нд болж корона вирусний халдварын эсрэг урьдчилан сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний тухай илтгэл мэдээлэл сонсож шаардлагатай зарим асуудлыг шийдвэрлэлээ.


Франц иргэнийг ХӨСҮТ-д хүргэв


ХӨСҮТ-ийн болон аймгийн Нэгдсэн эмнэлгийн нийт 10 эмч, эмнэлгийн ажилтан Улаанбадрах суманд гуравдугаар сарын 10-нд ажиллаж коронавирусний халдвар илэрсэн Францын иргэн болон бусад хүмүүсийн биеийн байдлыг үзсэн байна. Цаашид дахин шинжилгээнд хамруулах, шаардлагатай эрүүл мэндийн үзлэг хийх зорилгоор эмнэлгийн ажилтнуудын зөвлөмж чиглэлийн дагуу тухайн иргэнийг цагдаагийн харуул хамгаалалт, эмчийн хяналт дор ХӨСҮТ-д автомашинаар хүргэжээ.

Харин бусад эмч нар Улаанбадрах сумын нутагт байх “Бадрах энержи” ХХК-ийн кемп дээр байгаа 58 хүнд үзлэг шинжилгээ, тандалт хийж байгаа талаар аймгийн ЭМГ-ын дарга Г.Энхцэцэг мэдээлэв.

Замын-Үүдэд хоёр, Хөвсгөл суманд хоёр, Сайншандад 28 хүнийг эмчийн ажиглалтад авсан байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэд амны хаалтаа байнга зүүх, гараа тогтмол угаах, бээлий өмсөх, дэлгүүр хоршоо олон нийтийн газраар явахгүй байх, аяга тавгаа холихгүй байх, гэр орондоо халдваргүйтгэл хийж байх нь чухал гэдгийг санууллаа.  


Махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх үүрэг чиглэл өглөө


Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж орон нутаг тодорхойгүй хугацаагаар  зорчигч тээврийн хөдөлгөөнийг хаагаад байгаа.

Үүнээс шалтгаалж Дорноговь аймгийн төв Сайншандад махны нийлүүлэлт багасч үнэ өссөн байна. Одоогийн байдлаар үхрийн мах 14000, хонины нэг кг мах 9500 орчим төгрөгөөр худалдаалж байгаа бол нийлүүлэлт эрс багасчээ.

Аймгийн Онцгой комиссын гуравдугаар  сарын 11-ний хуралдаанаар махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, махны үнийг  хөөрөгдөхгүй байх талаар хэлэлцэж Сайншандад нэгээс гурван хэсэгт нөөцөлж бэлтгэсэн мах худалдаалахаар боллоо.

Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Суман зурхай” ХХК 30 орчим тонн мах бэлтгэсэн бөгөөд үүнийг аймгийн Онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэж нэг кг хонины махыг 7500 төгрөгөөр, үхрийн махыг 8500 төгрөгөөр борлуулахаар болов. Харин Замын-Үүдэд махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор таван тонн махыг “Суман зурхай” ХХК нийлүүлсэн байна.

Холбоотой мэдээ