Завханы сум бүрийн соёлын төв угтах үйлчилгээг иргэдэд үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-04-08 12:51:38

Завхан /МОНЦАМЭ/. Завханы 23 сумын соёлын төвд соёл, урлагийн үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор угтах үйлчилгээний булан байгуулжээ.

Сумын соёлын төвүүд иргэдэд соёл урлагийн үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй хүргэхээр угтах үйлчилгээний булангаа өөрсдийн онцлогт тохируулан тохижуулсан байна. Тиймээс хөдөөгийн 23 сумын соёлын төв “Сэтгэлд нийцсэн угтах үйлчилгээ” уриан дор нэгдэж энэ жилээс угтах үйлчилгээгээ үзүүлж эхлэх юм байна. Угтах үйлчилгээг соёлын төв бүрийн үйлчилгээний ажилтан хариуцаж иргэдэд нээлттэй үйлчилж сумын хэмжээнд зохион явуулах урлаг, соёлын мэдээллүүдийг өдөр бүр өгөх ажээ. Жишиг угтах үйлчилгээг Тэлмэн, Идэр, Их-Уул, Алдархаан, Тэс, Цэцэн-Уул, Асгат сум тохижуулснаа олон нийтэд зарлажээ. Харин бусад сум угтах үйлчилгээний булангаа сайжруулах, нэмж баяжуулах ажлыг хийж байгаа. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 23 дугаар тогтоолоор 2019 оныг Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас албан байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажилласан юм. Аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас хариуцсан нэгж байгууллагууддаа угтах үйлчилгээний хэсгийг тохижуулах үүрэг даалгавар өгсний дагуу хөдөөгийн сум бүр, угтах үйлчилгээний буланг байгуулж үр дүнтэй ажиллаж байна хэмээн аймгийн БСУГ-ын соёлын өв хариуцсан мэргэжилтэн Э.Пагмаа мэдээлэв. 


Холбоотой мэдээ