Урт цагааны түрээслэгчдийг ажлын байраар хангаж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-04-15 19:19:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат, “Урт цагаан” худалдаа үйлчилгээний төвийн түрээслэгчдийн үйлдвэрчний эвлэлийн хороог төлөөлж тус хорооны дарга Х.Гантулга нар өнөөдөр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Нийслэлийн Засаг даргын “Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай”  захирамж гарсантай холбогдуулан байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх, үр нөлөөтэй болгох санал, санаачилга гарган, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, үр өгөөжийг дээшлүүлэн цаашид харилцан ашигтай ажил өрнүүлэх зорилгоор уг санамж бичгийг байгуулжээ.


Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан: Урт цагаан бол мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр эрүүл, аюулгүй орчны шаардлага хангахгүй нь тогтоогдсон учраас бид шаардлагатай арга хэмжээг авч байна. Цаашид шат дараатай арга хэмжээ авч жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдээ дэмжиж, аль болох асуудлуудаа шийдээд ажлын байраар хангана.


Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат: Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газарт дам түрээсэлж байсан иргэдийг хохироохгүй ажлын байраар хангах үүрэг чиглэлийг нийслэлийн Засаг даргаас өгсөн. Энэ дагуу өнөөдөр эхний ээлжинд 12 иргэний ажлын байрыг шийдэж, хэвийн ажиллаж эхэллээ. Энэ ажил үе шаттай хэрэгжиж дараагийн ээлжийн иргэдийг ажлын байраар хангана.

Иргэдийг ажлын байраар хангахдаа нийслэлийн Төр, захиргааны IV байран дахь нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн байранд 280 орчим шоо метр талбайг гаргасан байна. Энэхүү ажлыг Урт цагааны түрээслэгчдийн үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтарч хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид үе шаттайгаар бүх түрээслэгчийг ажлын байраар хангахаар төлөвлөжээ. Түүнчлэн нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газартай 30 түрээслэгч гэрээ байгуулж ирсний эхний гурав нь өнөөдөр акт үйлдэж, нийслэлийн өмчийг хүлээлгэн өгчээ.


Урт цагаанд түрээсээр ажилладаг иргэн А.Оюундарь, "Би 22 жил түрээс төлж ажиллаж ирсэн. Урт цагаан худалдаа үйлчилгээний төвийн түрээслэгчдийн үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулаад нийслэлийн удирдлагуудтай хамтран ажиллах болсонд баяртай байна. Эрүүл, аюулгүй орчинд ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлж өгч байгаад нийслэлийн удирдлагууддаа баярлалаа. Харин гомдол гаргаад байгаа зарим хүмүүс бол бидэнд дам түрээсэлж байсан иргэд гэдгийг хэлмээр байна" гэсэн юм. 

 

Холбоотой мэдээ