Мадридын нээлттэй тэмцээнд А.Рублёв түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-05-06 17:13:53

МАДРИД, 2024 тавдугаар сарын 6 /ESPN/. Оросын теннисчин Андрей Рублёв ням гарагт Канадын тамирчин Феликс Оже-Альяссимийг илүүрхснээр Мадридын нээлттэй тэмцээнд анх удаа түрүүллээ. Испанийн нийслэлд болсон шуваргын тоглолтод А.Рублёв 4:6, 7:5, 7:5 харьцаагаар хожжээ.


Ингэснээр дэлхийн чансааны наймдугаарт бичигдэж буй А.Рублёв Мастерс 1000 тэмцээний хоёр дахь түрүүгээ хүртэж байна. Өдгөө 26 настай тэрбээр өнгөрсөн жил Монте-Карло тэмцээнд түрүүлж байсан юм. Харин 23 настай Ф.Оже-Альяссимийн хувьд энэ түвшний тэмцээний анхны финалдаа тунан үлдсэн нь энэ ажээ.


А.Рублёв Индиан Уэллс, Майами, Монте-Карло, Барселонагийн тэмцээнүүдээс эрт хасагдаж, дөрвөн тэмцээн дараалан хожигдсоны дараа Мадридын нээлттэй тэмцээнд оролцсон байна. Мадридад байгуулсан түүний ялалтуудаас Испанийн тамирчин Карлос Алькаразтай хийсэн тоглолтыг онцлох нь зүйтэй.


Оросын теннисчин шувтаргын тоглолтын дараа ярилцлага өгөх үеэрээ, энэ бол миний карьерийн хамгийн бахархалтай цол боллоо хэмээн онцлон хэлжээ. Тэрбээр 16 томоохон тэмцээнд түрүүлээд байгаа юм. Харин Мадридын нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд Польшийн теннисчин Ига Свёнтек өнгөрсөн бямба гарагт аваргалжээ. 

Холбоотой мэдээ