Өнөөдөр ихэнх нутгаар халж, хуурайшилт нэмэгдэхийг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2024-05-07 10:32:06

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Нутгийн хойд хэсгээр өнөөдөр салхи түр зуур ширүүсэж шороон шуурга шуурч, ихэнх нутгаар халж, хуурайшилт нэмэгдэхийг Цаг уур, орчны шинжилгээний газар анхаарууллаа.


2024 оны 5 сарын 8-12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.


Энэ сарын 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 9-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд Увс нуурын хотгор болон Онон, Улз, Халх голын сав газраар бороо, уулаараа нойтон цас орно.


Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, энэ сарын 9-нд нутгийн зарим газраар, 10, 11-нд говь, талын нутгаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.


Нутгийн хойд хагаст сэрүүсэж Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +13...+18 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +26...+31 градус, бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +19...+24 градус дулаан байна. Энэ сарын 11-нд нутгийн баруун өмнөд хэсгээр хална.


Холбоотой мэдээ