Төв, зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө шөнө, маргааш өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурч, говь тал хээрийн нутгаар хүйтэн салхитай байхыг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.
21-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 21, 22-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 1-6 хэм дулаан, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын талаар 1 градус хүйтнээс 4 хэм дулаан, Монгол Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 17-22, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.
22-ноос баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна.