“Бидний амьдрал-Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ” дурсамж уулзалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-07-15 19:54:08

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв /БОЭТ/-ийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн хамт олон санаачлан “Бидний амьдрал-Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ” сэдэвт дурсамж уулзалтыг анх удаа зохион байгууллаа.

Энэхүү уулзалт нь мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний салбарыг Ховд аймагт хөгжүүлж ирсэн түүхэн замнал, дэвшлийн явц, одоогийн үйл ажиллагааг танилцуулах, цаашлаад ахмад эмч нартай харилцан туршлага солилцох, ахмад, дунд, залуу үеийн эмч нарын залгамж холбоо, алтан хэлхээг бэхжүүлэх, түүх  дурсамжийг бодитоор мөнхлөн үлдээхэд чиглэжээ.

Уулзалтын эхэнд үе үеийн ахмад эмч нар, тэдний гэр бүлийн төлөөллийг БОЭТ-ийн өмнөх талбайд хүндэтгэлтэйгээр угтан авсан юм. Улмаар БОЭТ-ийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн өнөөгийн үндсэн үйл ажиллагааг танилцууллаа. Энэ үеэр БОЭТ-ийн захирал П.Улаанхүү болон бусад албаныхан мэндчилгээ дэвшүүлж, иргэдийн эрүүл мэндийн төлөө мэргэжилдээ үнэнчээр зүтгэж яваа цагаан нөмрөгтөнгүүддээ ажил хөдөлмөрийн арвин их амжилт хүсэн ерөөсөн юм.  

“Бидний амьдрал-Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ” дурсамж уулзалтын үйл ажиллагаа Буянт голын хөвөөнд үргэлжилж, он цагийн урсгалд хөврөх дурсамж, ахмад үеийн эмч нарын ур чадвар, мөр зэрэгцэн суралцаж, хөгжиж ирсэн түүхээс оролцогчид хуваалцан халуун яриа өрнүүллээ. Энэ үеэр ахмад үеийн  эмч, сувилагч,  тэдний төлөөлөлд хүндэтгэл үзүүлж, дурсамж гардуулан өгсөн юм. 

Ийнхүү анагаах ухааны салбарын салшгүй чухал хэсэг болох Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний хөгжил, эмч мэргэжилтнүүдийн алдар гавьяа үргэлжилсээр байхын зэрэгцээ бүс нутгийн иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмж улам боловсронгуй болох боломж бий хэмээн  тус тасгийн хамт олон онцоллоо.    


Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн товч түүхээс...



Ховд аймагт 1968 онд Н.Базаррагчаа эмч мэдээгүйжүүлэг хийж эхэлснээр анхны суурь тавигджээ. Улмаар 1980 оны дөрөвдүгээр сарын 22-нд хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг байгуулагдаж, тасгийн эрхлэгч эмчээр А.Төмөрбаатар ажиллаж байсан байна.

1982 онд Сэхээн амьдруулах мэдээгүйжүүлгийн тасаг болон өргөжиж, тасгийн эрхлэгчээр А.Төмөрбаатар, мэдээгүйжүүлэгч эмчээр Ч.Баатаржав, сувилагчаар Р.Мөнхтуяа, ээлжийн сувилагчаар Е.Наранцэцэг, Н.Цагаанцоож, Г.Нямтайван, асрагчаар н.Бааст, н.Цэцгээ, н.Хоролсүрэн нар ажиллаж байв.

1988-1994 онд Хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг болж, тасгийн эрхлэгч эмчээр М.Албанч, эмчлэгч эмчээр Д.Оюунцэцэг ажиллав. Улмаар 1989-1998 онд Сэхээн амьдруулах мэдээгүйжүүлэх мэргэжилтэн бэлтгэж байсан нь тус салбарын хөгжлийн оргил үе байжээ.

Ингээд  Эрүүл мэндийн сайдын 1994 оны А|194 тоот тушаалыг үндэслэн 1998 оны тавдугаар сарын 07-ны өдөр мэргэжлийн эмч нарын санаачлагаар Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийг анх удаа 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Ингэснээр Ховд аймагт эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн алба жинхэнэ утгаараа хөгжиж эхэлсэн түүхтэй.

Өдгөө тус тасаг 20 гаруй эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэнтэйгээр сэхээн амьдруулалт яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, гемодиализ гэсэн дөрвөн үндсэн чиглэлд ажиллаж байна.  2012 онд гемодиализын хоёр аппараттай болсноор бөөр орлуулах эмчилгээг баруун бүсэд нэвтрүүлснээрээ онцлогтой.    

Холбоотой мэдээ